З.Батжаргал: Байгальд 700 гаруй жилийн ДНБ-тэй тэнцэх сул мөнгө байна
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/.Байгаль, цаг уур амьсгалын үнэн нөөцийг зөвхөн уух ус, огтлох мод, ан амьтдаар төсөөлж болохгүй. Улс орны эдийн засагт байгалиас оруулах хувь нэмрийг эргэлтэд оруулах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн босгон дээр “Монгол орны байгаль, цаг уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд зохион байгуулав.
Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийг тодорхойлох мэдээ, мэдээллийн баталгаажилт, үнэн бодит мэдээлэл гаргах судалгаа шинжилгээний ажлын өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтуудыг тодорхойлоход дээрх хурлын зорилго чиглэж буйг албаныхан тодотгов.
Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх замаар хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгоход анхаарч байгааг салбарынхан уламжилсан юм. Улмаар гол мөрний болон хур бороо, цас, мөсний усыг хуримтлуулах, усан сан, хөв, цөөрөм байгуулж ус хангамжийг нэмэгдүүлэхэд тодорхой зорилт дэвшүүлжээ.
“Монгол орны байгаль, цаг уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргалаас дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-Байгаль, уур амьсгалын үнэн нөөцийн талаар өнөөдөр судлаачид, салбарынхан санал солилцож байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци уур амьсгалын нөөцийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-30-аад жилийн тэртээгээс нөөцийн асуудлыг янз бүрийн түвшинд ярьж ирсэн. Үе, үеийн Засгийн газрууд боломжоороо тодорхой ажил өрнүүлэн урагшлуулж ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гол нь бид байгалийн нөөцийг өгөгдлөөр нь багцалж ашиглалтыг хязгаарласан. Өөрөөр хэлбэл хомсдол доройтлоос хэрхэн хамгаалах вэ гэдэгт төвлөрсөн. Харин одоо бид асуудлыг нөгөө талаас нь буюу хэрэгцээ шаардлага гэдэг утгаар авч үзэж байна. Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт , инновацийг бүрэн утгаар нь ашиглаж чадвал байгаль, уур амьсгалын аливаа нөөцийн үнэ цэнийг мэдэрч, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой гэдэгт төвлөрч байгаа юм.
- Засгийн газраас хоёр жил тутамд байгаль орчны байдлын тайлан гаргадаг. Энэ тайланд танай байгууллага ямар оролцоотой ажилладагвэ?
- Монгол орны байгаль орчин хэрхэн өөрчлөгдөв гэдэг дүр зураг гаргах зорилгоор энэ удаагийн тайланг урьдчилсан байдлаар хамтран боловсруулаад байна. Үнэндээ манай улсын хувьд байгаль орчны төлөв байдал, нөөцийн тухай ойлголт хязгаарлагдмал байгаа. Гарт баригдахуйц мөнгөөр илэрхийлэгдэх зүйлийг л ярьдаг. Түүнээс биш улс орны эдийн засагт байгалиас оруулах хувь нэмрийн талаар хөнддөггүй. Монгол Улсын жилд унаж буй хур тунадасны 90 хувь нь ууршиж байна. Урсаж буй усыг дунджаар 35 тэрбум шоо метр хэмээн тооцъё. Үүнийг дэлгүүрт борлуулах усны үнэ цэнээр тооцвол тоймгүй их зүйл гарна. Өөрөөр хэлбэл үүнийг Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал 700 гаруй жилийн ДНБ-тэй тэнцэх сул мөнгө байгальд байна гэсэн үг. Бид байгаа баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй сууна. Нөгөөтэйгүүр байгалийн нөөц, баялаг, эко систем хэмээн ярьж байгаа ч үүнийхээ зааг ялгааг гаргаж чадахгүй байна. Эко системийн үйлчилгээ гэж юу вэ гэдгийг шинжилгээ, судалгаагаар гаргаж төр засгийн бодлого болговол хүн ардын амьдралд төдийгүй эдийн засагт том дэм болно.
-Дэлхий дахинд дулаарал нүүрлэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлыг мэргэжилтнүүд төдийлөн сайшаахгүй байгаа. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд дэлхий нийтэд нүүрлэж байна. Үүнийг сөрөх боломжийн талаар та юу хэлэх вэ ?
- Дэлхийд дулаарал болж байна. Тиймээс улс орнууд дулаарлын эсрэг тэмцэх Даян дэлхийн буюу Парисын гэрээг байгуулсан. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлд Монгол Улс ч гэсэн бусад орнуудаас дутахгүй оролцож байна. Манай улс цаг уурын нөхцөл байдал эмзэг учраас үүнд оролцохоос өөрцгүй юм. Нөгөөтэйгүүр монголчууд хүйтэн эрс, тэс уур амьсгалтай учраас дулаарал сайн талтай гэж ярьдаг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ганхалтын цаана сөрөг үр дүн гарахын дохио бий. Дулаарна гэдэг бол ууршилт нэмэгдэж хуурайшина гэсэн үг. Сүүлийн 70 гаруй жилд агаарын температур нэмэгдэж хур тунадас буурсан. Түүнчлэн дулаан байлаа ч ус чийг байхгүй бол тариа ногоо ургамал ургахгүй гээд асуудал ундарна шүү дээ. Зун хур тунадасны хэмжээ буурч, өвөл цасны хэмжээ нэмэгдэх нь бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлөхөөс эхлээд асуудал их бий.
Харин байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүн өөрийн бодлогогүй үйл ажиллагаанаас болоод давагдашгүй болгож буй явдал цөөнгүй бий. Хүн оюун ухаантай учраас давагдашгүй хүчин зүйлийг гарз хохиролгүй давах боломжтой. Тухайлбал манайхан агаарын бохирдлын асуудлыг гарцгүй мэтээр яриад байдаг. Үнэн хэрэгтээ хот төлөвлөлт, түлш гээд олон талаас нь арга хэмжээ авч бууруулах боломжтой. Огт шийдэх боломжгүй зүйл биш юм. Их хөрөнгө мөнгө шаардах ч зүйл биш. Гол нь оновчтой аргыг л олох ёстой.
-Монгол Улс ногоон байгууламж, ойжуулалт ихтэй хоёр хөршдөө хураа татуулаад байна гэлцдэг. Энэ тухайд?
-Урд хөрш хуурай бүс нутагтай хэрнээ асар их хэмжээний хөрөнгөөр ойжуулалт хийсэн. Дэргэд ийм жишээ байхад бид зүгээр хараад сууж боломгүй. Сүүлийн жилүүдэд Монгол Улс хуулиндаа заалт оруулан мод тарих өдөртэй болсон. Гэхдээ мод тарих нэг хэрэг. Гол нь арчилгаа чухал гэдгийг бодолцох ёстой. Мөн зориуд ойжуулах ажлаас гадна байгалийн аясаар нөхөн төлжүүлэх , нөөцөө хямгадах талаар анхаарч ажиллах хэрэгтэй.
-Монгол Улсын цаг уурын төлөв байдлын мэдээ гаргах явц дэлхийн ямар түвшинд явна вэ?
- Цаг агаарын мэдээг гаргахын тулд зөвхөн Монголоор хязгаарлах боломжгүй. Энэ бол дэлхийн хэмжээний асуудал. Цаг уурын ажиглалтыг хийхийн тулд дэлхийн түвшинтэй ойролцоо байж л хийнэ. Тэр хэмжээгээрээ мэдээлэл солилцох түвшинд хүрнэ. Бүс нутгийн хэмжээнд Дэлхийн цаг уурын байгууллагаас ихээхэн анхаарч хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд манайд нэлээн хэдэн шинэчлэлт хийсэн. Тоон төлвийн загвар учир дутагдалтай байсныг шинэчилж, богино хугацаанд жижиг масштабтай загварууд боловсруулснаар цаг уурын төлвийн оноч дээшилсэн. Манай Цаг уурын алба Азидаа дундаас дээш түвшинтэй явж байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ

