Хачигт хазуулсан сэжигтэй 5 тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-12 16:40:45

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2017 он гарсаар хачигт халдварын 5 сэжигтэй тохиолдол Цэнхэр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдад бүртгэгдсэнээс Цэнхэр сумын Алтан-Овоо багийн малчин “Н” Хачигт риккетсиоз өвчний халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Одоогийн байдлаар хоёр хүн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Дээрх тохиолдол нь хүмүүс мал маллах, ноос, ноолуур, малын гаралтай бүтээгдхүүнтэй харьцах, хүүхдүүд эцэг эхдээ туслах үедээ хачигт хазуулж халдвар авсныг аймгийн ЗООНОЗ-ын төвөөс мэдээлж байна.

Хачигт халдвар нь бэлчээрийн хачгаар зөөвөрлөгдөн халдварлаж төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин ажээ.

Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэгшдэг. Хачиг нь халдвартай амьтны цусыг сорохдоо уг өвчний нянг хамт сорогддог бөгөөд  хачиг хазах үед шүлстэй нь хамт нян хүнд халдаж, өвчлүүлдэг байна.

Ард иргэдийг хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй, битүү хувцас өмсөх, хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх, малын сүүг буцалгаж хэрэглэх, хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээлгүй авч хазсан хэсгийг спирт, иодоор арчиж цэвэрлэх зөвлөгөөг давхар өгч байна.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ