Украинд зэвсэг нийлүүлэх боломж олгох хуулийн төсөлд хориг тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-23 10:56:14

ВАШИНГТОН. /TASS/.  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 1-нээс эхэлж байгаа 2016 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын зардлын тухай хуулийн төсөлд хориг тавьжээ. Уг хуулийн төсөлд Украинд цэргийн тусламж үзүүлэхтэй холбоотой заалтыг оруулсан аж. 

Уг баримт бичгийг урьд нь Конгрессын хоёр танхим хоёул баталсан боловч ирэх оны санхүүгийн жилийн илүү өргөн хүрээг хамарсан төсвийн талаар хоёр намын хооронд хэлэлцэн тохиролцолгүйгээр цэргийн зардлыг 90 орчим тэрбум доллароор нэмэгдүүлсэн учир гарын үсэг зурахгүй гэж Обама шууд мэдэгджээ.

АНУ-ын Конгрессын хоёр танхимын хоёуланд нь олонхын суудалтай Бүгд Найрамдах намынханд ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгох саналын тоо хангалтгүй байгаа учраас Обамаг хориг тавьсны дараа төсвийг дахин хэлэлцэж эхлэх ёстой юм.

Дээрх хуулийн төсөлд зааснаар, төсвийн нийт зардал болох 612 тэрбум долларын 300 саяыг нь Украины цэргийн болон тагнуулын салбарт байлдааны зэвсэг, хэрэгсэл, нисгэгчгүй аппаратууд, танк эсэргүүцэгч зэвсэг болон мина харвагч зэрэг цэргийн тусламж үзүүлэхэд гаргахаар тусгасан байна. Энэ мөнгийг зарцуулах эсэхийг, хэрэв зарцуулах бол хэрхэн гэдгийг Пентагон болон АНУ-ын Төрийн департамент хамтдаа шийдэх ёстой аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ