Завханд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа 95.8 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-11 19:22:18

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд 13609 өрх хамрагдах бүртгэлтэй ажээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 13525 өрх судалгаанд хамрагдаад байна.

Орон даяар эхэлсэн судалгааны мэдээлэл цуглуулах ажил энэ сарын 9-ны өдөр дуусах байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас болж судалгаа хойшлогджээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт судалгааны ажил 95.8 хувьтай явагдаж байна. Завхан аймаг 24 сумтай эдгээрээс 13 сумын өрх 100 хувь судалгаанд хамрагдсан бол зарим сумдын судалгаа бүрэн хийгдээгүй байна. Өвөл цас ихтэй өвөлжилт хүндхэн байсан Завханы хойд бүсийн гурван сум, урд бүсийн хоёр сумд зарим газраа цастай, шавартай байгаа нь судалгааны ажилд багагүй хүндрэл учруулжээ. Тухайлбал урд бүсийн Отгон сумын нутагт зарим газраа цастай, шавар ихтэй байгаагаас Буянт багийн айл өрх судалгаанд огт хамрагдаж чадахгүй байгаа юм байна. Мөн Улиастай сумын зарим айл өрх судалгаанд бүрэн хамрагдаагүй байгаа. Учир нь амьжиргааны доод түвшний, зорилтот бүлгийн өрхүүд маань судалгаанд бүрэн хамрагдаагүй байна. Яг одоо судалгаанд самналт хийгдэж байна. Энэ сарын 13-ны өдөр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл бүрэн гарна хэмээн аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ