Ш.Абэ: Устөрөгчид суурилсан эдийн засагтай болох хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-11 11:12:49

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "нүүрстустөрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг явдлаас татгалзах чиглэлд явах хэрэгтэй, аажимдаа устөрөгч дээр суурилсан экологийн цэвэр түлшний зай хураагуурт шилжих хэрэгтэй" гэж үзэж байгаа ажээ. Тэрбээр энэ тухайгаа мягмар гарагт Токиод болсон холбогдох яамд, албан газруудын тэргүүн нар оролцсон шинэ эрчим хүчний асуудлаарх зөвлөгөөний үеэр мэдэгджээ.

“Бидний зорилго бол устөрөгч ашиглах дээр суурилсан нийгмийг дэлхийд анх удаагаа цогцлоон байгуулах явдал” гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна. Энэ ондоо багтаан Засгийн газар дээрх чиглэлд хийх ерөнхий суурь стратегийг боловсруулан гаргах болно гэдгийг тэрбээр дурдлаа.

Тухайлбал, 2020 он гэхэд Японы авто замуудаар устөрөгчөөр ажилладаг аккумулятортай 40 мянга орчим суудлын тэрэг, автобус давхилдах аж. Устөрөгч нь агаар мандлын хүчилтөрөгчтэй урвалд орон цахилгаан эрчим хүч гаргаснаар хөдөлгүүр уг цахилгаанаар ажиллах юм. Харин агаар мандалд зөвхөн ямар ч хор хөнөөлгүй бөгөөд зөвхөн усны уур л үүсэх аж.

2030 он гэхэд тус улсад устөрөгчөөр ажилладаг автомашины тоог 800 мянгад хүргэх зорилт тавьжээ. Үүний тулд ийм автомашины үнийг гурав дахин бууруулж, 2 сая иен /18 мянган доллар/ болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газар устөрөгчийн шатахуун түгээх станцын тоог дөрөв дахин нэмэгдүүлж, ирэх 10 жилд ийм төрлийн 320 шатахуун түгээгүүрийн сүлжээг томоохон хотуудад байгуулна.

Одоогийн байдлаар Японд устөрөгчөөр ажилладаг автомашиныг “Toyota motors”, “Honda motors” компаниуд үйлдвэрлэж эхлээд байгаа аж. Цаашдаа 2020 оны Токиогийн зуны Олимпын үйлчилгээнд зөвхөн ийм төрлийн автомашинуудыг гаргах гэнэ.

О.Барс

 

Холбоотой мэдээ