Архангай аймагт ноолуурын үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-07 17:42:49

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт ноолуурын кг тутмын үнэ 85000 төгрөг байна. Ченжүүд ямааны ноолуур авч эхлэх үед 90000 төгрөг байжээ. Түүнээс хойш ноолуурын үнэ тогтвортой байгаа хэдий ч цаашдаа ноолуурын чанар муудах тусам үнэ буурна гэдгийг ченжүүд хэлж байна.

Хэд хэдэн удаа орсон цасны улмаас малчид ямаагаа самнахаа түр зогсооссон байсан сүүлийн өдрүүдэд цас хайлж, харьцангуй дулаарч, ямаагаа самнаж эхэлжээ. Олон ямаатай айлууд 2-3 түр ажилтан авч, нэг ямааг 5000-6000 төгрөгөөр тооцож самнуулж байгааг малчид хэлж байна. Энэ ажил түр ч гэлээ ажилгүй байгаа иргэдэд орлого болох юм. Нэг хүн өдөрт дунджаар 6-8 ямаа самнахад өдөртөө 60000-70000 төгрөгийн цалинтай гэсэн үг юм.   

Дашрамд адуу, үхрийн шир 20000, ноолууртай ямааны арьс 10000-28000, нэхий өлөнтэйгөө 1000 төгрөгийн үнэ ханштай байна.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ