"Олон нийтийн цагдаа"-ийн ажлыг дүгнэж ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-07 00:21:04

Дархан-Уул /МОНЦАМЭ / Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал ШШГЕГ-ын харьяа тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангид болов.

Хурлаар “Олон нийтийн Цагдаа”-гийн ажилтны өнгөрсөн оны ажлын тайлан, цаашид хийх ажил, байгууллагын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажлын үр дүн, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр орж ажиллахаар хүсэлт гаргасан иргэдийг судалж авахдаа боловсрол, мэргэжил, бие бялдар, ур чадварыг нь гол шалгуур болгохоор тогтов.

Мөн “Олон нийтийн цагдаа”-гийн ажилтны таних тэмдэг, хувцасны эдэлгээний хугацааг ЦЕГ-ын даргын 2014 оны 383 тушаалаар батласны дагуу 2014 онд 18 хүний хувцасны хангалт 18 сая төгрөгийг аймгийн ГХУСАЗЗ-өөс шийдвэрлэж өгчээ. Уг хувцасны норм хугацаа дууссан учраас дүрэмт хувцасны асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд: “Гэр бүлийн хүчирхийлэл”-тэй тэмцэж урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын “Хамтарсан баг”-ийн ажлыг боловсронгуй болгож ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг ажлыг тусгажээ. Хурлын дараа тус зөвлөлийн дарга, гишүүд ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хорих 445 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. 1991 онд Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолоор жирийн дэглэмтэй хорих 435 дугаар анги байгуулагдаж байсан бол 2009 онд хорих 445 дугаар анги болон өөрчлөгджээ. Тус хорих ангид 77 албан хаагч ажиллаж хүмүүжиж байгаа ялтнуудыг ажилтай байлгах үүднээс мужаан, эсгий урлал, сийлбэр, оёдлын цех зэрэг олон төрлийн сургалтыг явуулж мэргэжил олгож байгаа аж.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ