Зорилтот өрхөд чиглэсэн арга хэмжээнд 7 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ онд орон нутагтаа 4 зорилтын хүрээнд 30 ажлыг 7 сая төгрөгөөр хийж хэрэгжүүлэхээр баталлаа.
Үүнд өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг зорилтот өрхийн гишүүн бүрт оновчтой хүргэх, өрхийн гишүүдийн сөрөг зан үйл, дадал хэвшлийг өөрчилж, гэр бүлийн эерэг, таатай харилцааг төлөвшүүлэх, зорилтот өрхийн хөгжил, амьжиргааны талаарх цахим мэдээллийн сан байгуулж түүний хэрэглээг нэмэгдүүлэх гэнэ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарах зардлыг төсвийн тодотголоор оруулж шийднэ. Тус аймгийн хэмжээнд 37000 өрх байгаагийн 50 орчим хувь нь зорилтот өрх гэсэн судалгаа байдаг ба одоо явагдаж байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны дараа шинэчлэгдсэн мэдээлэл гарч төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж эхлэх ажээ.
Б.Гантуяа