Шинжээч: Эртний сүмийг сүйтгэх нь гэмт хэрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:14:36

ТОКИО. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн эртний Пальмира хот дахь Бел сүмийг сүйтгэсэнд ихээхэн харамсаж байгаагаа Японы археологич илэрхийлсэн байна.

Японы баруун нутгийн Касихара хотын Археологийн хүрээлэнгийн археологич Киёхидэ Сайто Пальмира хотод 20 гаруй жил малтлага хийсэн ажээ.

Тэрбээр, “Бел сүм бол Пальмира хотын балгаснуудын гол хэсгийг бүрдүүлдэг байсан. Уг сүм нь Ойрхи Дорнодын бүс нутагт үлдсэн МЭ I зууны үеийн ховор барилга бөгөөд босогчдын энэ үйлдэл нь соёлын их өвийг устгаж байна” гэж хэлэв.

“Бел сүм нь Месопотамийн соёл иргэншлийн онцлог шинжийг агуулдаг бол сүүлд сүйтгэгдсэн Баалшамин сүм нь Грекийн соёл иргэншлийг харуулдаг. Үүнээс үзвэл Пальмира хот дахь энэ хоёр сүм нь өрнө болон дорнын соёлын уулзвар болохыг харуулж байгаа юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд