“Монгол орны хөгжилд” чуулган Лондон хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-03-31 17:01:30

Ирэх сарын 6-ны өдөр Лондон хотноо Хилийн чанад дахь Монголчуудын “Монгол орны хөгжилд” 13 дугаар чуулган “Монголын боломж” сэдвийн дор болно.

2005 оноос хойш уламжлал болсон энэхүү чуулганд нийт 14 улс оронд оршин суугч 70 гаруй Монголчууд, Монголын нийгэм, эдийн засгийн талаар судалгаа хийдэг ОХУ, Австрали, АНУ-ын эрдэмтэд оролцох юм.

Лондон хотын Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хурлын танхимд болох чуулганд Монголын Бизнес Мэдээллийн Сангийн Бизнес группийн төлөөлөгчид “Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж” салбар хуралдааныг зохион байгуулах бол, “МЕГА төслүүд” сэдвийн хүрээнд Монголд хэрэгжиж буй, хэрэгжих боломжтой зарим мега төслүүдийн талаар судлаачид, медиа салбарын төлөөлөгчид санал бодлоо хэлэлцүүлэх юм.

Түүнчлэн Монголын ардчиллын шинж байдал, Үндсэн хууль хийгээд өдгөө үүссэн нийгэм, эдийн засгийн хямралын хамаарлын талаар “Нийгэм Эрх зүйн төлөвшил” нэртэй салбар хуралдаан болох ажээ.

“Монголын боломж” сэдэвт “Монгол орны хөгжилд” 13 дугаар чуулганыг Их Британи дахь Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ, Монголын Бизнес Мэдээллийн Сан, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

 

Москва хот

Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ