Кот-д’Ивуарын тэргүүн хатагтай асанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-03-29 11:43:52

ЯМУСУКРО. /VOA/. 2001 оны сонгуулийн дараа дэгдсэн хүчирхийллийн үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байсан Кот-д’Ивуар улсын тэргүүн хатагтай асан Саймон Гбагбог мягмар гарагт тус улсын шүүх гэм буруугүй үзжээ.

Шүүхийн тогтоолыг унших үед С.Гбагбо шүүхийн байранд байгаагүй бөгөөд одоо нэхэмжлэгчдэд давж заалдах 60 хоногийн хугацаа байгаа аж. Нэхэмжлэгчид Гбагбог бүх насаар нь шоронд хорихыг шаардаж байсан юм.

С.Гбагбо нь өөрийн нөхөр болох ерөнхийлөгч асан Лаурент Гбагбогийн өрсөлдөгчдийг нухчин дарах зорилгоор нэгэн бүлгийг удирдаж, уг бүлгийг зэр зэвсгээр ханган, нисдэг тэргээр дайралт хийлгэж байсан аж.

Гааг дахь  Олон улсын эрүүгийн шүүх түүнийг шүүхийг шаардаж байсан боловч эхлээд түүнийг Кот-д’Ивуар улсын шүүхээр оруулахыг зөвшөөрчээ. Кот-д’Ивуарын хүний эрхийг хамгаалах болон хохирогчдын эрхийг хамгаалах байгууллагууд шүүхийн дээрх шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлээд, энэ нь тэргүүн хатагтай асны хүчирхийлэлд оролцсон үүрэг оролцооны талаарх олон асуултыг хариултгүй хэвээр үлдээлээ гэж үзэж байна.

Гэхдээ С.Гбагбо "улс оронд аюул занал учруулсан" гэх хэргээр авсан 20 жилийн ялаа эдлэх ёстой юм. Түүний нөхөр болох ерөнхийлөгч асан Лаурент Гбагбо хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр Гаагын шүүхэд шүүгдэж байгаа аж.

Лаурент Гбагбо 2011 оны ерөнхийлөгчийн сонгуульд Алассане Кваттарад ялагдан эрх мэдлээ өгөхөөс татгалзсаны дараа Кот-д’Ивуарт хүчирхийлэл дэгдэж, 3 мянга орчим хүн амиа алджээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ