Шилдэг ханган нийлүүлэгчээ шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-27 20:35:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Оюутолгойн шилдэг ханган нийлүүлэгчийг шалгаруулах "Эрдэнийн говь" арга хэмжээ өнөөдөр болж байна.

Уг арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнх нь Өмнөговь аймагт болж байгаагаа онцлог юм. Оюутолгойн шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр "Хүннү эйр" ХХК шалгарсан юм.  "Манай компани 2011 онд байгуулагдаж, 2012 оноос Оюутолгойн захиалгат нислэгийг хийж эхэлсэн бөгөөд байгаль орчин хор хөнөөл багатай, бага шатахуун хэрэглэдэг онгоц нислэгтээ ашигладаг" гэж тус компанийн гүйцэтгэх захирал н.Мөнхжаргал ярилаа. 

Энэ удаагийн шилдэг ханган нийлүүлэгчдийн дунд Өмнөговь аймгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн номинаци оруулж өгсөн бөгөөд энэ төрөлд  "Өмнөговь интерпрайз" ХХК-ийн оёдлын үйлдвэр шалгарлаа.  Мөн шилдэг гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгчээр  "Эс Жи Эм Эс", Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр "Эрчим электрик" ХХК, шилдэг аюулгүй ажиллагааг эрхэмлэгчээр "Говь газ" ХХК тус шалгарч шилдгүүдийнхээ цомыг гардлаа.

Энэхүү арга хэмжээ маргааш нээлттэй өдөрлөгөөр үргэлжилнэ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ