Хоёр суманд 1-2 метр зузаан цастай, тусламж хүргэж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-25 14:59:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт цагийн байдал хүнд хэвээр байна. Тус аймгийн Сэврэй, Мандал-Овоо суманд тал газраа 1м, хотгор газраа 2м зузаан цастай байгаа учраас аймгаас тус сумдад хүрч өвс тэжээл хүргэж чадахгүй байна. 

Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 21-нээс эхлэн их хэмжээний цас орж гамшгийн нөхцөл байдал үүссэн. Одоогийн байдлаар 9 сумын 1001 өрхийн 427.000 мал бэлчээрлэх боломжгүй цасанд боогдсон, 8 сумын 50 өрхийн 25 мянган мал цасанд дарагдсан, дөрвөн сумын 9 өрхийн 5265 толгой мал цасан шуурганд уруудсан байдалтай байна. Малын хорогдлын тухайд хоёр сумын 35 мал хорогдсон гэсэн мэдээтэй байна. 
Аймгийн Онцгой комисс 21-нээс эхлэн 24 цагаар жижүүрлэн сумдтай байнгын холбоотой байж цаг тухай бүр мэдээлэл авч холбогдох арга хэмжээ авч байгаа юм. Одоогийн байдлаар Булган, Баяндалай, Сэврэй сумдад цагийн нөхцөл байдал хүнд байна.   
Аймгийн Засаг даргын нөөцөд 100 тонн өвс тэжээл бэлтгэснээс 80 тонныг нь хөдөө сумдад хүргүүлэхээр явуулсан бөгөөд Өмнөговь аймгийн улсын нөөцөд 220 тонн өвс, 110 тонн тэжээл байгаа аж. Өнгөрсөн 8 сард бүх сумд, малчдад өвс, тэжээл, хужир шүү, гар тэжээл бэлтгэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар өгсөн хэдий ч энэхүү байглийн сорилтод малчид өвс, тэжээлгүй, сумд өвс, тэжээл татаагүй, өвлийн бэлтгэл муу хангасан харамсалтай байна. 
"Сумдад дөрвөн ажлын хэсгийг онцгой комиссын гишүүд ахлаад ажиллаж байгаа бөгөөд энэ цасан шуурганы үеэр нийтдээ 52 малчин иргэн төөрснийг эрэн хайх бүлгийнхэн 51 иргэнийг эсэн мэнд олсон. Сэврэй сумын Хоолт багийн иргэн 51 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн “Д”  22-нд гэрээсээ гараад одоо болтол олдохгүй байгаа юм. Эрлийн ажил үргэлжилж байна. Мөн Баяндалай суманд 15 настай хүүхэд малынхаа араас явж төөрснийг цасанд дарагдан хуруу гарын үзүүр хайрагдсан байдалтай олоод эмнэлэгт хүргэсэн одоо биеийн байдал сайн байгаа" гэж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэллээ.  
Маргаашнаас эхлэн цаг агаар дулаарч нэмэх градустай болно. Тиймээс шар усны үер буух магадлал өндөр байгааг ард иргэдэд онцгой анхааруулж байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ