Сайншанд сумыг хаягжуулах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-22 13:36:18

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны нэгдүгээр сараас Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ сумын айл өрх, албан байгууллагууд, гудамж талбайг хаягжуулах ажлыг зохион байгуулж байна.

Хаягжуулах Ажлын хэсэг дээрх хугацаанд хоёр удаа хуралдаж ажлын төлөвлөгөө хэлэлцсэнээс гадна газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж сумын төвийн 1:1000 масштабтай хаягийн зургийн төслийг хянаж цэгцэлжээ.

Мөн айл өрх, албан байгууллагын хаягийн тулгалтыг хийж, хаягийн тэмдгийн тоо, хэмжээг  гаргасан байна.

Одоогийн байдлаар Сайншанд сумын долоон багийн 260 гаруй гудамж, 2300 гаруй айл өрхийн хашааны гаднах хаяг, 464 барилга байшин, зүг чиг заасан 18 тэмдгийг хаягжуулах боломжтой гэж албаныхан үзэв.

Гудамж талбайг хаягжуулах ажилд Орон нутгийг хөгжүүлэх сангаас нийт 104 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалж  эхний удаа 70 сая төгрөгийг зарцуулах юм.

Хаягжуулах ажлын тендэрийг ирэх дөрөвдүгээр сарын эхээр зарлаж хуулийн дагуу шалгарсан компанитай гэрээ байгуулж ажиллах юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ