Гана улсын хөлбөмбөгийн шүүгчийн эрхийг бүх насаар нь хасчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-21 17:33:58

МОСКВА. /TASS/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-нд оролцох багуудыг тодруулах Африкийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн ӨАБНУ болон Сенегалын шигшээ багуудын тоглолтын дүнд нөлөөлсний учир Гана улсын шүүгч Жозеф Лампти-гийн шүүгч хийх эрхийг бүх насаар нь хасчээ. Энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ хэвлэлийн алба мэдээлсэн байна.

“ӨАБНУ-Сенегалын тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эцсийн шийдвэр гарсны дараа нийтэлнэ” гэж тус холбооны мэдэгдэлд дурджээ.

ӨАБНУ, Сенегалын тоглолт 2016 оны 11 дүгээр сарын 12-нд ӨАБНУ-ын Полокване хотод болж, талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн юм. Лампти тус тоглолтын ерөнхий шүүгчээр ажиллажээ.

2018 оны ДАШТ-ий тоглолтууд 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Казань, Доод Новгород, Саранск, Калининград, Волгоград, Екатеринбург, Самар, Сочи, Донын Ростов хотуудад болно.

О.Барс

 


 

Холбоотой мэдээ