Их Алтайн бүс нутгийн атлас бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-21 17:06:34

БАРНАУЛ. /Interfax/. Алтайн хязгаар, Монгол, Казахстан болон Хятадын зуу орчим физик-газарзүйн зургийг Алтайн эрдэмтдийн бүтээж байгаа “Их Алтайн газрын зураг”-т оруулна гэж Алтайн улсын их сургуулийн физик-газар зүйн тэнхимийн доцент Ирина Ротанова мэдээлжээ.

“Их Алтайн атлас” бол олон улсын төсөл бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд дөрвөн улсын төлөөлөгчид оролцож байна. Одоогийн байдлаар, зураглал зүйн үндсэн суурийг Монгол, Казахстан, Хятадын мэргэжилтнүүдтэй зөвшилцөж байна гэж И.Ротанова Барнаулд болсон “Ломоносовын нэрэмжит уншлага” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлжээ.

Атлас нь байгаль, түүх, соёл гэж ангилсан 100 орчим газрын зурагтай, хэвлэмэл байх бөгөөд мөн мэдээллийн систем, вэб-бүтээгдэхүүний хувиар ашиглаж болох аж.

Их Алтайн бүс нутгийн шинэчилсэн болон нарийвчилсан газрын зураг нэг ч улсад байхгүй байгаа учраас газрын зургийн төслийг боловсруулахад оролцохыг зөвшөөрч буйгаа Орос, Монгол, Казахстан, Хятадын эрдэмтэд санал нэгтэй илэрхийлсэн байна. Алтайн хязгаарын атласыг 1987 онд бүтээсэн бол Монгол Улсын газрын зургийг ЗХУ-ын үед шинэчилж байжээ.

“Энэ хугацаанд газар нутгуудын физик-газарзүйн зураг болон эдийн засгийн талууд өөрчлөгдсөн. Шинэ газрын зураг бүтээхэд бид удаа дараа тусламж хүссэн боловч санхүүжилт олж чадаагүй, тиймээс дөрвөн улсын эрдэмтэд бүгд нэгдэхээр шийдсэн. Атласт мэдээллийг оруулахдаа олон төлөвлөгөөтэй, сэдэвчилсэн судалгаа хийсэн учраас төрөл бүрийн сэдвээр баттай мэдээлэл, лавлагаа авч болно” гэж И.Ротанова цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр атласыг Их Алтайн бүс нутагт аялж байгаа жуулчид өргөнөөр ашиглах боломжтойг тэмдэглэжээ. Түүний ярьснаар, Белуха уул, Телецк нуур Алтайн хязгаарт биш Алтайн дэвсгэр нутагт оршдогийг жуулчдын олонх нь мэддэггүй. Эрдэмтдийн бүтээх гэж буй атлас нь Их Алтайн бүс нутгийн газарзүйн орон зайн буруу ойлголттой холбоотой асуудлыг шийдэх зорилготой ажээ.

Үүнээс гадна, Торгоны замыг сэргээх тухай гэрээг Орос, Хятадын хооронд байгуулаад байгаа билээ. Уг гэрээнд Их Алтайг энэ замын уулзвар байхаар тусгасан бөгөөд үүнтэй холбоотойгоор атласт тээвэр, эрчим хүчний ложистик, жуулчлалын сүлжээг төлөвлөх шаардлагатай байна гэж И.Ротанова ярьсан байна.

Атласыг бүтээхэд мөн Москва хотын М.Ломоносовын нэрэмжит их сургуулийн цогц зураглалын лабораторийн мэргэжилтнүүд оролцож байгаа аж. Атласыг 2017 онд багтаан бэлэн болгоно гэж эрдэмтэд найдаж байна. Түүнийг боловсруулж, бүтээхэд 7.5 сая рубль шаардлагатай аж.

Их Алтай бол Азийн төв хэсэгт ОХУ /Алтайн хязгаар, Алтайн Бүгд Найрамдах Улс/, Казахстан, Хятад, Монгол гэсэн дөрвөн улсын нутаг дэвсгэрийг дамнан оршдог уулархаг бүс нутаг юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ