Үндэсний Статистикийн цуврал сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-20 18:37:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Үндэсний Статистикийн Хорооноос эрхлэн Дэлхийн Банкны дэмжлэгээр анх удаа 21 аймагт статистикийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг Дархан-Уул аймгаас эхлүүлэв.

Сургалтыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нээж хэлэхдээ: “Улс орны бодлого боловсруулахад нэн тэргүүнд нөлөөлж байдаг хүчин зүйл нь статистикийн судалгаа, тоо баримт байдаг. Статистик үнэн бодит гарснаар төр засгаас хэрэгжүүлэх аливаа бодлого, шийдвэр оновчтой болох учиртай. Энэхүү сургалтыг бүх аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”, “Мал тооллогын мэдээллийн сан” зэрэг томоохон мэдээллийн эх үүсвэр, сан бий. Тэрхүү мэдээллийн санг өдөр тутамд баяжуулж ажилладаг хүмүүс бол баг, хорооны Засаг дарга нар юм. Тиймээс 21 аймгийн 330 сумын 2200 гаруй ажилтан, багийн Засаг дарга нарыг хамруулах сургалтаа Дархан-Уул аймгаас эхэлж байна” гээд Статистикийн байгууллагын хүний нөөц болон ажиллагсдын мэдээлэл боловсруулах чадавхыг дээшлүүлэх нь манай хорооны нэн тэргүүний зорилт гэлээ.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд: “Өнөөдрийн энэ сургалтад манай аймгийн дөрвөн сум, 26 багийн 60 гаруй ажилтан албан хаагчид оролцож байна гээд сургалтад оролцогчдод ихийг сурч мэдэхийг хүслээ. Үндэсний Статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригт: “Энэхүү сургалтыг орон даяар энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 20-ны хүртэлх хоёр сарын хугацаанд бүх аймагт явуулж дуусгана. Сургалтын гол зорилго гэвэл Үндэсний Статистикийн хорооноос дэвшүүлсэн зорилтуудын нэг болох статистикийн мэдээллийн чанарыг сайжруулж анхан шатны мэдээлэл дээр ажилладаг хүмүүсээ сургаж цаашид бэлтгэх мэдээгээ чанартай явуулах зорилгоор хийж байна. Дараагийн сургалт энэ долоо хоногийн сүүлээр  Сэлэнгэ аймагт эхлэх бол үүнтэй зэрэгцээд Дундговь, Дорноговь аймагт нэгэн зэрэг болно” гэв. Сургалт мягмар гарагийг дуустал хоёр хоног үргэлжилнэ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ