Бүрэгхангай, Дашинчилэн, Хутаг-Өндөр суманд үржлийн загвар нэгж байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-20 17:46:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн мал аж ахуйн мэргэжилтний зөвлөлгөөн болж, сумын мал эмнэлэг, үржлийн тасаг болон мал эмнэлэг, үржлийн нэгжийн мэргэжилтнүүд оролцлоо.

Тус зөвлөлгөөнд “Аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэлийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан тавьж, мал аж ахуйгаа уур амьсгалын өөрчлөлт нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн хувьд үр ашигтай байх чиглэлд мал үржлийн ажил үйлчилгээг чиглүүлж ажиллах нь аймгийн мал аж ахуйн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл байх болно гэж тодорхойллоо.

ХХААХҮЯ-аас 2017 оныг “Малын чанар”-ыг сайжруулах жил болгон зарласантай  холбогдуулан жишигт тэнцсэн хээлтүүлэгчийг удам гарваль, ашиг шим, эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж сум, аймгийн түвшинд мэдээллийн санг бүрдүүлэх  Бүрэгхангай сумын 2-р баг, Дашинчилэн сумын 1-р баг, Хутаг-Өндөр сумын 3-р багуудад хээлтүүлэгчийг үржлийн нэгжид шилжүүлж малын чанарыг сайжруулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх загвар нэгжүүдийг бий болгож чадавхижуулахаар  төлөвлөж байгаа аж.

Аймгийн хэмжээнд малын үндсэн сайжруулагчаар үхэр сүргийн хувьд “Сэлэнгэ” үүлдрийн бух, хонинд “Баяд”, “Дархад” үүлдрийн хуц, ямаанд “эрчмийн хар” ухныг тус тус сайжруулагчаар ашиглах нь газар зүйн байршилын хувьд ч зүйтэй гэж зөвлөлгөөнөөс үзсэн байна. “Сэлэнгэ” үхэр манай улсын үхрийн анхны үүлдэр бөгөөд Сэлэнгэ суманд бий болгож үржүүлж байгаа юм.

Тус зөвлөлгөөнд ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа, Улсын мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч Б.Цолмон нар оролцлоо.

М.Батжаргал

Холбоотой мэдээ