Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-16 15:58:12

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын байдлаар Дорнод аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1-р сараас 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3 хувь, жилийн эцсээс 3,4 хувиар өсчээ.

Тодруулбал, хүнсний бараа бүтээгдэхүүн, архи, тамхи, согтууруулах ундаа, эм тариа, нийтийн тээвэр, бусад бараа үйлчилгээний үнэ 0.6-5 хувь өссөн нь үнийн ерөнхий индексэд ийн нөлөөлсөн гэж Статистикийн хэлтсээс мэдээлж байна. Тэр дундаа архи, тамхи, согтууруулах ундааны үнэ 5 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.5 хувиар нэмэгдсэн гэх.

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн хэлбэлзэж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн “Шүр” зах дээр Дорнод 1-р гурил кг нь 1000 төг, элсэн чихэр 2400 төг, цагаан будаа 2200 төг, шингэн сүү 2000 төг, хонь, үхэр, ямааны мах 5800-7000, бензин, дизель түлш1580-1820 төгрөгийн үнэтэй байна. Үнэ ханшийн хувьд өмнөх сараас төдийлөн өөрчлөгдөөгүй байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ