Он гарсаар 22 иргэн ипотекийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-13 09:45:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд он гарсаар 22 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Тус аймагт ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 1893 иргэн орон сууцны ипотекийн зээл авчээ.

Орон сууцны ипотекийн зээлийг өнгөрсөн оны 10-р сараас эргэн төлөлтөөр нь санхүүжүүлэх болсон. Үүнийг дагаад зээл олголт багассан байх талтай. Гэхдээ Монголбанкны Дорнод салбараас 8 хувийн ипотекийн зээл гацаанд ороогүй, хэвийн байгаа гэдгийг хэллээ.

Дашрамд дуулгахад Монголбанкнаас 25621 зээлдэгчийн мэдээллийг чанаргүй зээлийн ангилалд тусгахгүй байхаар зохицуулалт хийжээ. Ингэснээр банк санхүүгийн үйлчилгээг иргэд олон нийт, ААН байгууллага тэгш хүртэх боломж бүрдэж байгаа юм. Хэдийгээр дээрх зээлдэгчдэд зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй ч банк санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Тийм учраас дээрх шийдвэр иргэд олон нийтэд зээл авах боломжийг нээсэн, нэг удаагийн бодлогын арга хэмжээ болсон гэж хэлж болох юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ