Баян-Өлгий аймгийн Алтай суманд галзуу үнэгийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-11 00:01:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Алтай суманд галзуугийн шинж тэмдэгтэй үнэгийг устгалаа.

Үнэгнээс дээж авч лабораторид шинжлүүлээгүй учраас галзуурсан байсан эсэхийг батлах боломжгүй байгаа юм. Гэхдээ малын эмч нарын дүгнэлтээр галзуурсан хэмээн оношилж устгажээ.

Галзуу өвчин бол байгалийн голомтот өвчин. Өвчилдөг амьтан нь чоно, үнэг, хярс, нохой зэрэг амьтад гэнэ. Харин энэхүү өвчин нь малд халдахдаа агаар дуслын замаар бус зөвхөн галзуурсан зэрлэг амьтанд хазуулсан тохиолдолд малд халддаг байна. Галзуурсан мал нь эмчилгээ авахгүй, харин ойр хавийн малд нь урьдчилан сэргийлэх вакцин тарьдаг байна. Ер нь зэрлэг амьтдын дунд энэхүү галзуу өвчний вирус тасралтгүй явж байдаг. Өнгөрсөн онд гэхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд галзуурсан үнэг хонин сүрэгт халдсан, адуунд халдсан хэргүүд удаа дараа гарч байжээ. Галзуурсан амьтны шинж тэмдэг нь хоёр янзаар илэрдэг. Тухайн амьтан маш цочимтгой болж, мал болон хүн рүү дайрна.Эсвэл гэрлээс, уснаас айж зугтана. Маш ноомой болж нэг л газраа хэвтсээр байдаг ажээ.

Дашрамд дурьдахад 2017 он гарсаар Баян-Өлгий аймагт малын гоц халдварт бог малын адиноматоз, хонь ямааны шөвөг өвчин, үхрийн цусан халдвар, адууны сахуу гэсэн 4 өвчин бүртгэгджээ.

Б.Энх-Уянга

Холбоотой мэдээ