"Би чадна" дуудлага эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-10 09:56:38

Ховд /МОНЦАМЭ/. Цахим ертөнц дэх доромжлол гадуурхал хэрээс хэтэрч нийгэмд асар хортойгоор нөлөөлж байгааг хүүхдүүд шүүмжилж, эмзэглэж байна. Хүүхдүүдийн хамгийн их эмзэглэж явдаг зүйл бол цахим сүлжээнд бусдыг ямар ч эх сурвалжгүй гутаан доромжлох, гүтгэх явдал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа явдал ажээ.

Энэ байдлыг дэврээхгүйн тулд Ховд аймгийн Прогресс сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн хүүхдүүд  "Би чадна" дуудлага эхлүүлжээ.

"Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Үзүүргүй хэрнээ биесээ алж ч чадах муу үгсийг бид бие биедээ хайр найргүй хэлсээр байгаа нь нийгмийг эмзэглүүлж байна. Уулзаж, ярилцаж бие биесээ огт таниагүй хэрнээ нэгийгээ бусдын үгээр бусдын нүдэн дээр доромжилж, гутаах хэнд ашигтай юм бэ. Бид хэдий хүртэл зүрх сэтгэлээ хов живээр хооллох вэ? Асуудлыг тодруулж, шүүмжилж, ярилцмаар байгаа бол эхлээд тухайн хүнээсээ утсаар захидлаар  ч болов асууж болно шүү дээ. Бид наад захын соёлыг эзэмшиж, хүн хүнээ хайрлах хэрэгтэй. Бусдыг доромжилж байгаа нэгэнд сануулж болиулах хэрэгтэй. Эцэст нь бүгд адил хүн, хорвоогийн муу муухайг зогсоож чадахгүй ч өөрийн зүрх сэтгэлийг харин номхотгож, амар амгалан байлгаж чадах нь хүүхдүүд бидний  бидний гарт байгаа шүү гэж сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн хүүхдүүд уриалжээ. Бусдыг доромжилж, гадуурхахаа больцгооё! Эцэг, эхчүүд, ах, эгч нар үр хүүхдүүдээ ч, дүү нараа ч мөн адил анзаар. 
Тэдний маань бяцхан зүрх бусдын үгээр гутаагдах ёсгүй. 
Шүүмжлэл, санал бодол байх ёстой, харин бүдүүлэг үг хэллэгтэй хүнийг гутаан доромжилсон гүтгэсэн, нийгмийг турхирсан зүйл, хийхгүй байцгаая!" гэж чин сэтгэлээ илэрхийлсэн байна.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд фэйсбүүкээр бие биенээ элдвээр доромжлох, замбараагүй байдал үүсэх сөрөг нөлөө газар авч байгаад эцэг, эхчүүд томчууд хяналт тавьж зөв мэдээлэл, зөв хандлагатай зөв төлөвшилтэй иргэн хүмүүжүүлэхэд анхаарах цаг болсон байна гэдгийг хүүхдүүд илэрхийлж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ