Далай Сайншандын эхийг хамгаалалтад авахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-09 15:44:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Сайншанд сум төвлөрсөн газар Далай Сайншанд худгийн эхийг энэ онд хамгаалалт авч тохижуулахаар боллоо.

Энэ худаг нь Сайншанд сумаас баруун тийш нэг км орчим газарт байдаг бөгөөд говийн тавдугаар Ноён хутагт Лувсанданзанравжаа болон эртний шинжээч нарын зөгнөлөөр өнөөдрийн Сайншандын голомтыг бадраасан түүхэн газар болон яригддаг аж.

Сайншандчуудын ярьж заншсанаар Далайн хөтөл буюу бурхан болоочдыг үдэж мордуулдаг хөтлийн наад өвөрт дэрсэн дундах хуучин модон хашлагатай  эртний худгийг Далай Сайншанд худаг гэж зурхайч, Дэчинчойнхорлон хийдийн лам Д.Норов, цагдаагийн ахмад ажилтан Д.Цэнд, Монгол Улсын арслан Намжилваанчигийн хүү аймгийн арслан Цогбадрах нар дуу нэгтэй өгүүлж байжээ.

Тиймээс Сайншанд сумын голомтыг бадраасан түүхэн газрыг хамгаалалт авч, хойч үедээ сурталчлан таниулах, түүх соёлын дурсгалт газар болгох хэрэгцээ шаардлага байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ