Ховдын эмнэлэгт гемодиализийн хоёр аппарат хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-09 11:12:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОЭТөв 740 сая төгрөгийн өртөг бүхий Гемодиализ эмчилгээний хоёр шинэ аппарат тоног төхөөрөмж тэй боллоо.

Тайваний Засгийн газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр ирсэн уг аппарат тоног төхөөрөмжийг Тайбэй эмнэлгийн удирдлага Тайваний Монголын хорооны төлөөлөл өчигдөр хүлээлгэн өгсөн юм.

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв 2012 оноос өнөөдрийг хүртэл хоёр гемодиализийн аппараттай ажиллаж ирсэн ч ачаалал ихтэй байсан бол дахин хоёр аппарат  нэмэгдүүлснээр  бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд Улаанбаатар  хотруу  өндөр зардал гарган явахгүй, орон нутагтаа  дараалал  хүлээж цаг алдахгүй  эмчлүүлэх бүрэн боломжтой болж байна.

Мөн зэргэлдээ Увс, Баян-өлгий аймгуудаас бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд ирж эмчлүүдэг байсан бол Увс аймагт саяхан "Гемодиализийн тасаг" шинээр нээгдсэнээр тэндхийн иргэд өөрийн аймагтаа чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.

Мөн Ховд аймгийн БОЭТ нь Тайваний Тайбей эмнэлэгтэй хамтран ажиллах “ЭГЧ ДҮҮС” эмнэлгийн гэрээнд энэ үеэр гарын үсэг зурснаар бүс нутгийн эмч мэргэжилтнүүдийг Тайбей эмнэлэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох зэрэг олон талаар хамтран ажиллах юм.

Энэхүү хамтын  ажиллагааны ёслолд Ховд аймгийн  ИТХ-ын дарга  Г.Пүрэвганди,  Засаг дарга Д. Галсандондог, Засаг даргын орлогч Ш. Батсүх, Нийгмийн бодлого хөгжлийн хэлтсийн дарга Б.Гантөмөр, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж,  БОЭТ-ийн  захирал  Т.Баяртогтох, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр нарын албаны хүмүүс  оролцлоо.

Тайваний талаас Тайваны Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын  Яамны харьяа Тайбей эмнэлгийн дарга, Тайваны Олон улсын Эрүүл мэндийн сургалтын төвийн Зөвлөх Hsu, Chin-Chih, Тайваны Төвд Монголын хорооны  Монголын асуудал хариуцсан дарга Dung, Yao-Shu,  Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын  Яамны харьяа Тайбей эмнэлгийн Олон улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн захирал, Тайваний Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны Эрүүл мэндийн удирдлагын хэлтсийн захирал, Олон улсын Эрүүл мэндийн сургалтын төвийн  хариуцлагатай нарийн бичгийн дарга Chen, Ying-Ru тэргүүтэй Тайваний төлөөлөгчид хүрэлцэн ирж  оролцлоо.

Дашрамд дурдахад:УИХ–ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар БОЭТөвийн  өргөтгөлийн барилгыг "Азийн Хөгжлийн Банкны эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр 6" төслөөр барихаар төлөвлөөд байгаа юм. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ