Лас-Вегаст манекенд халдсан хүнийг хүн амины хэрэгт буруутгажээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-03-08 16:25:21

ЛОНДОН. /BBC/. Америкийн Невада муж улсын шүүх нэгэн өвөрмөц хэргийг авч хэлэлцжээ: манекены толгой дундуур алхаар тас буулгасан хүнд хүний амь насанд халдсан гэсэн ял тулгажээ.

Үүнээс өмнө унтаж буй орон гэргүй хоёр хүнийг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан Лас-Вегасын төвийн шөнийн хүнгүй гудамжнаас цагдаагийнханд саатуулагдсан өдгөө 30 настай Шейн Аллен Шиндлерийн хэргийг шүүхээр мягмар гарагт авч хэлэлцжээ.

Орон гэргүй хүмүүсийн амь насанд халддаг гэмт хэрэгтнүүдийг барихын тулд цагдаагийнхан өгөөш болгон манекен ашигласан ба тэр нь амжилттай болжээ.

Ажиглалтын камерын бичлэгт Шиндлер дээгүүрээ хучлагатай манекен рүү сэмхэн гэтэж очоод толгойдоо нүүр халхалсан малгай углаж, гялгар уутнаас алх гаргаж ирэн, улмаар манекены толгой дундуур хэд хэдэн удаа цохьжээ.

Шиндлер өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тэрбээр баригдах үедээ цагдаагийнханд манекенд халдаж байгаагаа мэдэж байсан гэж мэдэгдэж байжээ.

Шүүх хуралдаан дээр Шиндлерийн өмгөөлөгч хүний амь насанд халдсан гэж яллах нь “хууль зүйн хувьд чадамжгүй”, учир нь амьгүй зүйлийн амийг хөнөөх боломжгүй гэж мэдэгджээ.

Энэ тохиолдол хуульчдын дунд санал шүүмжлэл өрнөхөд хүргэсэн хэдий ч Невада муж улсын хууль байдлаас үзэхэд яллагч талд байгаа ажээ.

Тус муж улсын шүүх үүнээс өмнө 1976, 1989 онд хоёр ч удаа өмгөөлөх талын “амьгүй зүйлийн амийг хөнөөх гэдэг нь хууль зүйн байр сууринаас боломжгүй” гэсэн ишлэл үндэслэлийг хүлээж аваагүй ажээ.

Америкийн ихэнх муж улсуудын хууль шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх мөчийн бодол завдалтыг нь тооцдог юм хэмээн Фордхэм Деборын эрх зүйн их сургуулийн профессор Денно Associated Press-д ярьжээ.

“Тийм ээ, манекены амийг хөнөөх боломжгүй. Гэхдээ хэрвээ Шиндлерийн бодож байснаар манекен нь хүн байсан бол тэрбээр хүний толгойг бяц цохих байсан” хэмээн хуульч ярьжээ.

Прокурор шүүхэд мэдэгдэхдээ, Шейн Аллен Шиндлер нь “нийгэмд ноцтой аюул учруулж байна” гэсэн ба үүнээс улбаалаад өмнө нь амь насаа алдсан гэр оронгүй хоёр хүний амийг бүрэлгэсэнд тэр буруутай байж ч мэднэ гэжээ.

Хүний амь насанд халдсан ялаас гадна Шиндлерт нууцаар зэвсэг авч явсан гэж буруутгаж байгаа ажээ. Шүүхээс түүнд сэтгэцийн шинжилгээ хийлгэхээр болжээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ