Заан хоногт ердөө хоёрхон цаг унтдаг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-03 14:43:55

ЛОНДОН./BBC/.Африкийн зэрлэг заан бусад хөхтөн амьтадтай харьцуулахад бага унтдаг болохыг ӨАБНУ-ын Витватерсранд их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Амьтны хүрээлэнд зааныг судалдаг болоод удаж байгаа ба зохиомол орчинд эдгээр амьтад 4-6 цаг унтдаг бол харин зэрлэг байгальдаа бол хавьгүй богино хугацаанд унтдаг байна.

Ботсваны судлаачид эмэгчин хоёр зааны арьсанд мэдрэгч суулгаад түүнийхээ тусламжтайгаар уг хоёр заан хэзээ унтаж байгааг нь бүртгэн авчээ.

Бүлийнхээ тэргүүн болох дээрх хоёр эмэгчин зааны хүзүүнд мөн биенийнх нь хазайлтыг хэмжигч багажийг /гироскоп/ зүүснээр заанууд ямар байрлалд унтдаг болохыг мөн тогтоосон байна.

Дээрх хоёр эмэгчин заанд 5 долоо хоногийн турш ажиглалт хийхэд уг хоёр амьтан заримдаа хэдэн хоногоор унтаагүй байна. Энэ хугацаанд хоёр заан холын зайг туулсан нь хулгайн анчид эсвэл арслангаас зугтаасантай холбоотой байж болох юм.

Заанууд хурдан нойрсолтын мөчлөгт маш богино хугацаанд байдаг ба уг мөчлөг нь тархины идэвхжилтээр тодорхойлогддог байна.

Хурдан нойрсох мөчлөгийн үед зааны бүх булчин сулардаг болохоор зөвхөн хэвтэж л унтах боломжтой. Энэ мөчлөгт заанууд маш богино хугацаанд ордог болохыг гироскоп тодорхойлжээ.

Зарим эрдэмтэд хурдан нойрсолтын мөчлөг нь ой санамж бүрэлдэн тогтоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Хэрвээ заанууд энэ мөчлөгт маш богино хугацаанд байдаг юм бол заануудын ой тогтоолт муу байх ёстой, гэтэл тэдний ой санамж нь их сайн байдаг, тэгэхлээр энэ онол маргаантай мэт санагдана гэж судлаачдын нэг болох профессор Пол Мангер ярьж байна.

Заан бага унтдаг нь түүний овор хэмжээтэй холбоотой гэнэ. “Заан их том нүсэр биетэй учраас нойронд хамгийн сэргэг амьтан байх ёстой гэж бид бодож байсан” гэж Мангер ярилаа.

“Тэгэхээр бид яахлаараа үүнийг мэдээгүй байдаг билээ. Нойр бол идэж уух, үржих хэрэгцээтэй адил биологийн хамгийн эгэл бус нууцын нэг төдийгүй биологийн эрхшээл юм. Бид амьд үлдэхийн тулд унтаж байх ёстой” хэмээн тэр нэмж хэлжээ.

Ер нь бол том биетэй хөхтөн амьтад жижгүүдийгээ бодвол бага унтдаг. Тухайлбал, залхуу сармагчин /ленивец/ хоногт дунджаар 14 цаг унтдаг бол хүн 8 цаг унтана. Харин заан хоногт ердөө хоёрхон цаг унтаад амьд байж чадаж байгаа нь нууц хэвээр байгаа юм.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ