Сар шинийн өдрүүдэд орон нутаг руу 27 мянга 697 зорчигч тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-03 10:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврээр 27 мянга 697 зорчигч үйлчлүүлсэн талаар Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв.

Сар шинийн өдрүүдэд хот хоорондын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан АТҮТ, Замын цагдаагийн албатай хамтран гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна. Баярын өдрүүдэд 1286 том оврын автобус давхардсан тоогоор орон нутгийн 269 чиглэлд үйлчилгээ үзүүлжээ. Энэ үеэр олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай автозамуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж, иргэдэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөсөн байна. Мөн  тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй автовокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилж ажиллуулах үүрэг, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ