“Улсын аварга фермер”-ээр “Нионшэль” ХХК шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭЭкологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээл, арга туршлагаараа манлайлсан “Нионшэль” ХХК-ийн захирал Т.Далантайд “Улсын аварга фермер”-ийн цом, алтадсан домбо, энгэрийн тэмдэг, өргөмжлөлийг НИТХ-ын дарга Ц.Сандуй өчигдөр гардуулан өгсөн юм.
“Улсын аварга фермер”-ээр шалгарсан “Нионшэль” ХХК 2009 онд тахианы фермийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд эдүгэ 42 мянга гаруй өндөглөгч шувуутай болтлоо өргөжжээ. Өдөрт 36-38 мянган ширхэг өндөг үйлдвэрлэж, нийслэлчүүдийнхээ болон орон нутгийн хэрэгцээнд нийлүүлдэг аж. Энэ компанийн хөдөлмөрч хамт олон 2014 онд “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарч байжээ.
“Нионшэль” ХХК-ийн захирал Т.Далантай хэлэхдээ, “Энэ хүндтэй шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш бүтээн байгуулалтын ажлыг дэс дараатай хийж ирсэн. Үүний нэг хэсэг нь Итали улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрмжийг үйлдвэртээ нэвтрүүлж, өргөтгөл хийгээд байна. 2017 онд дахин 60 мянган шувууны байр барьж, тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байгаа" гэв.
Мөн улиран одож буй бичин жилд хөдөлмөр зүтгэл, амжилтаараа манлайлсан 6 хүн “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарсан байна. Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер, малчин Ш.Шүрэнцэцэг юм. Тэрээр 1997 оноос хойш фермийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд сүүлийн 3 жилд малын зүй бус хорогдол гаргалгүй малаа жил дараалан өсгөж, механикжсан үнээний аж ахуйг 30 гаруй жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө бий болгожээ. 2016 онд гэхэд 87 тонн сүү үйлдвэрлэн, нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээг хангаж байгаа аж. Фермийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, малын тэжээл, усан хангамжаа сайжруулан, хорооны 5 иргэнийг малчнаар дадлагажуулан ажиллуулж, ажлын байраар ханган, өрхийн орлогыг нь нэмэгдүүлжээ. Мөн өөрийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай бөгөөд 20 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 50 тонн өвс, тэжээлийг хураан авч нөөцөлсөн байна.
Б.Заяа