Сургуулиа онц төгсөж байсан хүү “Улсын хошой аварга малчин” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-24 14:50:22

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Найгалын Төмөрбат энэ жил “Улсын хошой аварга малчин”-ы болзлыг хангалаа.

“Улсын хошой аварга малчин” хэмээх цол өгөхийг 1990 онд зогсоож, түүнээс хойш 26 жил өгөөгүй байсан юм. Энэ онд дахин сэргээд байгаа эрхэм хүндтэй цолыг улсын хэмжээнд 5 малчин авсны нэг нь Н.Төмөрбат юм. “Монгол оронд минь үеийн үед таван хошуу мал багширч, малчин түмний магнай тэнэгэр, заяа  тэгш, үйлс өөдрөг байх болтугай.  Эрдэнэт сүргийг тань малын тэнгэр тэтгэж, эзэн та бүгдийг төрийн сүлд ивээг” хэмээсэн сайхан үгтэй өргөмжлөл, үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн цом, өргөө цагаан гэрийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар гардуулан өглөө. Тэрбээр өөрийн тойрог болох таван сум гал бичин жилд ажил үйлсээрээ манлайлж, ард иргэд нь хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлж байгаад талархаж, аварга малчдад гарын бэлгээ гардуулж явсан бөгөөд 26 жил мал маллаж буй хошой аварга малчин Н.Төмөрбатыг “Хөдөлмөрийн баатар” болоорой хэмээн ерөөж, дурсгалын зүйлийг гардууллаа.

Сумын төвөөс хойш 20 гаруй километрт, Төвхөн хайрханы хормой “Нарийн хужир” хэмээх газар таван гэрээр өвөлжиж буй хошой аваргынх хоёр гэрийг угсруулан залгаж барьсан, хашаа хороо, саравчаа муухан байшингаас илүү төвхнүүлсэн зэрэг олон бүтээлч ажлаараа анхаарал татаж байлаа. “Хошой аварга малчин болсон маань нутаг ус, өвөг дээдэс, аав ээжийн минь буян юм. Мөн бид өөрсдийн хичээл чармайлт, айл саахалт улсуудын тусламж дэмжлэгээр өдий зэрэгтэй явна” хэмээн ярьж буй Н.Төмөрбат сумын сургуулийн 8 дугаар ангийг 1991 онд онц дүнтэй дүүргэсэн ч аавын сургаалаар хөдөө гарсан нь буруудаагүй гэдгийг 2012 онд авсан  “Улсын сайн малчин” цол тэмдэг, 2016 оны “Улсын хошой аварга малчин” цол тэмдэг батална.

Тэрбээр “Мал дагавал ам тосдоно”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх зүйр үгийг бодож, амьдралын зарчмаа болгож явдгаа хэлэв. Мөн туслах малчдаа “туслах” гэж хэлэх дургүй байгаагаа илэрхийлж “Туслах биш хамтрагч малчидтай. Нэг айлыг орон гэртэй болгож, мал тасалж өгсөн. Одоо мал нь өсөж үржээд сүрхий малчин болж байна” гэлээ. Нийгэм дэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сумын уралдаан тэмцээнүүдийг байнга ивээн тэтгэхийн зэрэгцээ эмнэлэгт настангуудын физик эмчилгээний өрөөг тохижуулж, сургуулийн орчин тойрныг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулжээ.

Н.Төмөрбатын хот айлд 1500 орчим толгой мал өвөлжиж байна. “Мал аяараа өсчихдөг амьтан биш. Зуд турхан, бороо ус гээд олон бэрхшээл тохиолдоно. Тэр болгонд бэлтгэл сайтай байж, малаа байнга оторлуулан тарга тэвээрэг авах хэрэгтэй. Би малыг тооноос илүү чанарт барьдаг. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор алтан медальтай хуц, ухныг ч авчирч байлаа” хэмээн арга туршлагаа хуваалцсан бол түүний гэргий Б.Гандолгор “Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Гэр, хашаа хорооныхоо гадна талаас эхлээд доторх байдал, малын өнгө зүс, тоо чанар хүртэл бүх ажлаа л анхаарч, зохицуулж явах хэрэгтэй” гэж байв.

Н.Төмөрбатын аав Найгал “Дөрвөн хүүтэй. Төмөрбат гурав дахь хүү минь юм. Монгол мал аж ахуйн орон. Малаа түшиглэж амьдарвал ирээдүйтэй гэж бодоод онц сурч байсан хүүхдээ мал дээр гаргасан. Айл гэр болоход нь зуугаад толгой мал л авч өгсөн юм. Социализмын үед нэг айлд хувьд нь 10 толгой малаас илүү мал байдаггүй байсан. Энд тэндээс цуглуулж 100 орчим болгож хүүдээ өмч болгоод өгч байсан юм.  Оюун ухаан гэдгийг төвд сууж гаргадаг юм биш. Мал хариулахад ч их ухаан зардаг. Мал чинь өөрөө бэлчиж ирээд хашаандаа орчихдог амьтан биш. Өвөл зун, цас бороо, хадлан тэжээл гэж бий. Энэ бүхнийг даван туулж чадвал хөдөө сайхан амьдрах боломж бий. Хөдөө гэрэл цахилгаан, гар утас, машин тэрэг, зурагт, хөлдөөгч гээд бүх зүйлийг ашиглах боломжтой болсон энэ үед үлгэр жишээ айл болох боломж бүрэн байна” гэлээ.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ