Шатахууныг 30 хувиар хэмнэдэг автомашины дугуйны резин гаргаж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-22 15:08:57

НОВОСИБИРСК./TASS/. Новосибирскийн нүүрстөрөгчийн наногуурс үйлдвэрлэгч "Ocsial"  компани автомашины шатахуун зарцуулалтыг 30 хувиар бууруулах боломжийг олгох дугуйны резинийг зохион бүтээжээ. Энэ тухай тус компанийн эрдэм шинжилгээнйи ажил хариуцсан орлогч захирал Вячеслав Мурадян мэдээлсэн байна.

“Энгийн үгээр тайлбарлавал автомашин явж байх үед дугуй нь халж зөөлөрдөг учраас цааш явахад илүү их хүч шаардагддаг. Харин бидний хийсэн резин нь халалт багатай учраас дугуй зөөлрөхгүй, хатуу хэвээр байдаг тул хүч бага шаардагдана, ингэснээр шатахуун хэмнэгдэнэ” гэж Мурадян ярилаа.

Түүний хэлснээр, наногуурсаар сайжруулсан резинээр хийсэн хээтэй дугуй нь шатахуун зарцуулалтыг бууруулах боломжийг олгож байгаа ажээ. Одоо тус компани лабораторийн туршилт үр дүнтэй гэдгийг нотлохын тулд дугуй үйлдвэрлэгчидтэй хамтран туршилтын ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. "Ocsial" компани өөрийн үйлдвэрлэж буй дугуйныхаа үнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын тулд дугуйн материалын үнийг бууруулах тал дээр ажиллаж байгаа гэдгийг Мурадян дурдлаа.

Новосибирскийн технологийн паркт байрладаг "Ocsial" компани нь нүүрстөрөгчийн дан давхаргат нано гуурс үйлдвэрлэдэг дэлхий дээрх цорын ганц компани юм. Олон давхаргат гуурснаас ялгаатай нь ийм наногуурс нь хосгүй сайн үзүүлэлттэй, материалын чанарын үзүүлэлтийг 70 хүртэл хувиар нэмэгдүүлдэг байна.

Наногуурсын нийлэгжүүлэлтийн өртгийг эрс хямдруулах технологийг Новосибирскийн эрдэмтэн, төслийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч Михаил Предтеченский боловсруулжээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ