Улсад нэрээ дуурсгасан амжилтын эзэд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-22 13:43:46

Багц мэдээ

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газраас жил бүр газар тариалан, мал аж ахуйн салбарт гаргасан ажлын үр дүнг дүгнэн "Улсын аварга” хэмээх цолны эздийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс ялгарах нэг онцлог байлаа. Энэ нь аварга малчиддаа 5 ханатай өргөө цагаан гэр гардуулсан өгсөн явдал байв.

Сэлэнгэ нутгаас төрсөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн биеэр өргөө цагаан гэрт нь морилон очиж, эрхэлсэн салбартаа гаргасан ололт амжилтаа бататгаж, үр өгөөжтэй ажиллаж аварга хэмээх хүндэт шагналыг хүртсэн хүмүүстээ шагналыг нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн нь Сэлэнгэ аймгийн тухайд түүхэнд бичигдэх чухал үйл явдлын нэг болж байгаа юм.

Шинэ залуу малчдыг сургасан, тооноос чанарт анхаарсан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлжээ

Мандал сумаас тодорсон “Улсын аварга малчин” Гүнбайн Ансай өөрийн малаасаа 1996, 1998, 2003, 2004, 2008 онуудад Х.Ганболдынд 38, С.Шакерхааныд 179, Б.Батдэлгэрийнд 122, М.Иватхааныд 130, Г.Даваагийнд 265 адуу, үхэр, хонь нийлсэн толгой малыг тус тус таслан өгч малгүй өрхийг малжуулах, үйлдвэрлэл эрхлэх зэргээр ажлын байр нэмэгдүүлэн ажилласан байна. Мөн тэрээр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр анхаарч, өмнөх жилүүдэд бог бод нийлсэн 416 мал тоолуулж байсан бол 2015 оноос эхлэн бог малын тоогоо багасган хагас эрчимжсэн үхрийн фермерийн аж ахуйг хөгжүүлж эхэлжээ. Ингэж малын тоо толгойд бус чанарт шилжүүлэн ашиг шим сайтай үхэр өсгөн үржүүлж байгаа ажээ. Аварга малчин Ансай олон залуу малчдыг дадлагажуулан сургаж, өөрийн арга туршлагаа өвлүүлэн үлдээж яваа гэнэ. Ингэж малгүй өрхийг малжуулан ажлын байр нэмэгдүүлсэн, шинэ залуу малчдыг олноор нь сургаж дадлагажуулан өөрийн арга туршлагаа өвлүүлэн үлдээсэн, малын чанарт анхааран хагас эрчимжсэн аж ахуй эрхэлж яваа хөдөлмөр зүтгэлээрээ Г.Ансай Монгол Улсын аварга малчин хэмээх хүндэт шагналын эзэн болжээ.

Мал аж ахуйн салбарыг зах зээлийн нөхөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгоход оруулсан зүтгэлээ үнэлүүлжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Гонир” багийн малчин Ц.Булган нь удам залгасан улсын аварга боллоо. Түүний аав нь Увс аймгийн Зүүнговь сумын “Улсын сайн малчин” ажээ. Тэрээр 28 жил мал маллаж яваа. Сумынхаа амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байдаг байна. Тэрээр жилд дунджаар хүнсний хэрэглээнд 300-500 кг мах, 500-800 л сүүг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоолонд хандивладаг ажээ. Ажилгүйдэл ядуурлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж 2000 оноос хойш иргэн С.Баттогтох, Х.Нямжав, Б.Болдоо, Б.Бат-Өлзий, Б.Шараа, Г.Цэрэнтогтох, Б.Рэнцэндорж, Ц.Ганбаатар, Б.Лхагваа, Б.Цэвээнравдан, С.Отгондаваа, Р.Отгонбаяр, Т.Чинбаатар, О.Чинбаатар, Б.Очирсүх нарт 870 толгой сайн чанарын ашиг шим өндөртэй малыг таслан өгч малжуулсан байна. Мөн тэрээр жилдээ 5-8 хүнийг байнгын ажлын байраар хангадаг гэнэ. Удам залгасан улсын аварга Ц.Булган мал аж ахуйн салбарыг зах зээлийн нөхөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, байнгын ажлын байрыг тогтмол гаргаж байдаг ололт, хөдөлмөр зүтгэлээрээ энэхүү шагналын эзэн болжээ.

Цөм сүрэг бүрдүүлж ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас тодорсон “Улсын аварга малчин” Түнтүүгийн Цэдэнсодном 15 наснаасаа эхлэн мал маллаж яваа үе дамжсан малчин ажээ. Тэрээр өөрийн малч удмаа хүү Ичинноров, Бямбадорж, охин Цэнд-Аюуш, Дашбямбажав нартаа өвлүүлэн үлдээж, арга туршлагаа заан сургаж яваа аж. Тэрээр Голланд улсын санхүүжилттэй “Бэлчээрийн Тогтвортой Менежмент” төсөлд 8 малчин өрхийг хамруулан “Унаган нуруу” бүлэг байгуулан төслийн хөрөнгөөр хүү Ичинноровын хамт урт нуруутай Оросын цагаан гахайг авч үржүүлж байгаа гэнэ. Мөн хуучин төмсний бригадын эвдэрхий худгийг засуулж усны хомсдолтой бэлчээрийг усжуулан, малчдыг цэвэр усаар ханган ажиллажээ. Мөн хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зорилгоор малын битүү дулаан байр барьж семменталь монголын эрлийз 15 үнээг эргэлтээр төллүүлэн жилийн 4 улиралд сүү үйлдвэрлэж байгаа аж. Түүнчлэн амьдралын түвшин доогуур 11 малчин өрх, 2 байгууллагыг сүүлийн 3 жилд 232 малаар малжуулсан байна. Улсын аварга цолны эзэд малчин Т.Цэдэнсодном аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн онцгой гишүүн, хурдан удмын адуу, хосолмол ашиг шимт үхэр, ноос махны хэвшлийн сартуул омгийн хониор цөм сүрэг бүрдүүлж ажилласан хөдөлмөр зүтгэлээрээ ийнхүү улсын аварга болжээ.

Бэлчээрийг зөв зохистой ашиглах, малдаа тарга хүч авахуулж сурсан амжилтаа үнэлүүлсэн малчин

Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул Х.Балдандорж малаа арчлан хамгаалж, тарга хүч авхуулахад ихээхэн анхаардаг бөгөөд төлөө хорогдолгүй бойжуулснаар 2016 онд малаа 1082 толгойд хүргэжээ. Малынхаа үүлдэр угсааг махны чиглэлийн лимузин үүлдрийн бух, казакийн цагаан толгойт үүлдрийн бух, Сэлэнгэ үүлдрийн бух, Увс тэс удмын азарга, Өлгийн илүү нугаламт ууцан сүүлт хуц, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны илүү нугаламтай хуц, Дооно үүлдрийн ноолуурын чиглэлийн ухна зэргээр сайжруулсан байна. Малчин Х.Балдандорж амьдралын түвшин доогуур дөрвөн иргэнийг малжлуулснаар тэд байнгын ажлын байртай болсон байна. Тэрээр бэлчээрийг зөв зохистой ашиглах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд 11 сар хүртэл өвсний сөлтэй газар отор нүүдэл хийн малдаа тарга хүч авахуулдаг ажээ. Өөрийн хүч хөрөнгөөр малын битүү хашааг тэжээлийн хашааны хамт барьсан байна. Мөн шинэ худаг гарган тохижуулж, хуучин худгийг засварлан, шинэ залуу малчдыг мал маллах арга ухаанд сургаж яваа амжилтаараа энэхү нэр хүндтэй шагналын эзэд болжээ.

Технологийн горимыг чанд мөрдөн ажиллаж, тогтмол өндөр ургац авдаг амжилтаараа аваргалжээ

Монгол Улсын гавьяат мехникжуулагч Ө.Чимэддорж захиралтай Цагааннуур сумын “Атартрейд” ХХК-ийн хамт олон “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас шагналаа гардсан юм. Тус компани 1998 онд байгуулагдсан бөгөөд одоо 5082 га эргэлтийн талбайтай, 50 ажиллагсадтай, газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Тус хамт олон сүүлийн 5 жилд 2826-3346 га-д улаан буудай тариалж, нэгж талбайгаас 16.6-18.6 ц/га ургац хураан авч, зах зээлд 2000-4000 тн будаа нийлүүлсэн амжилтыг үзүүлжээ. Энэ хамт олон газар тариалангийн үе шатны ажлуудад технологийн горимыг чанд мөрдөн ажиллаж хэвшсэн нь тогтмол өндөр ургац авах нөхцөл болж чаджээ.

Хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгожээ

Монгол Улсын гавьяат агрономич Сандагийн Ганболд захиралтай Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн хамт олон энэхүү эрхэм шагналын эзэд боллоо. “Их шинэстэй” ХХК 1990 оноос эхлэн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж. Компаний зүгээс цаг уурын нөхцөлд тохирсон агротехнологийг бий болгож, техник шинэчлэлийг байнга хийж, уриншийн чанарт ихээхэн ач холбогдол өгч ажилладаг байна. Ингэснээр сүүлийн 3 жилийн дунджаар 2513 га талбайд тариалж, 3770 тн, нэгж талбайгаас 15-20 ц/га ургац хураан авчээ. Техникчдийн орон сууц, саунтай халуун усны байрыг шинээр барьж байгуулсан нь ажилчдын ая тухтай ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Компанийн захирал С.Ганболд хөрсний үржил шимийг сайжруулах асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг байнга анхааруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ