“Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчид тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2015-10-20 14:44:23

ЖЕНЕВ. /TASS/. Шилдэг хөл бөмбөгчинд гардуулдаг Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хамгийн нэр хүндтэй шагнал болох "Алтан бөмбөг"-т энэ жил “Реал Мадрид” багийн таван тоглогч, “Барселона” багийн зургаа хөл бөмбөгчин нэр дэвшжээ.

“Реал Мадрид” багаас Криштиан Роналду, Тони Кроос, Хамес Родригес, Гарет Бэйл, Карим Бенема нар, “Барселона”-гаас Лионель Месси, Неймар, Андрес Иньеста, Хавьер Маскерано, Иван Ракитич, Луис Суарес нар уг шагналд нэр дэвшсэн байна.

Түүнчлэн “Алтан бөмбөг”-т нэр дэвшигчдийн өргөтгөсөн жагсаалтад Германы “Бавария” клубын таван тоглогч багтсан нь Томас Мюллер, Мануэль Нойер, Арьен Роббен, Артуро Видаль болон Роберт Левандовски юм.

Эцсийн шатанд шалгарсан гурван нэр  дэвшигч 11 дүгээр сарын 30-нд тодорхой болох бөгөөд “Алтан бөмбөг”-ийн эзнийг нэгдүгээр сарын 11-нд тодруулна. “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду сүүлийн хоёр жил дараалан шилдэг хөл бөмбөгчин болсон билээ.

ФИФА мөн 2015 оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулсан байна. Уг шагналын төлөө Массимилиано Аллегри /"Ювентус", Итали/, Карло Анчелотти /"Реал", Испани/, Лоран Блан /ПСЖ, Франц/, Унаи Эмери /"Севилья", Испани/, Хосеп Гвардиола /"Бавария", Герман/, Луис Энрике /"Барселона", Испани/, Жозе Моуринью /"Челси", Англи/, Хорхе Сампаоли /Чили улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч/, Диего Симеоне /"Атлетико", Испани/, Арсен Венгер /"Арсенал", Англи/ нар өрсөлдөнө.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ