“Согтуу жолоочгүй, соёлтой золгоцгооё” уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-21 16:15:59

Увс/МОНЦАМЭ/ Увс аймгийн ИТХ-аас Сар шинийн баярыг тохиолдуулан “Согтуу жолоочгүй, соёлтой золгоцгооё” уриалга гаргаад байна.

2016 онд Увс аймагт 322 гэмт хэрэг бүртгэгдсэний 101 нь буюу 3 гэмт хэрэг тутмын 1 нь согтуу үед үйлдэгджээ. Мөн 324 хүн согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас эрхээ хасуулж, торгуулсан байна. Иймээс Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оныг “Согтуу жолоочгүй жил” болгон зарласан бөгөөд энэ жил гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулж осол гэмтлийг бууруулах, согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоох зорилт тавин ажиллаж байна. 2017 оны 1-р сард 43 гэмт хэрэг бүртгэгдсэн нь ноднингийн мөн үетэй харьцуулахад 27-гоор нэмэгдэж, үүний улмаас 4 хүн нас барсан байна.

Нийт 827 зөрчил гарч урд оныхоос 35-аар нэмэгдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж торгуулсан иргэд 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8-аар их байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ