Удам залгасан тэмээчинд манлай малчны шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-21 00:21:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн манлай, аварга малчдын шагнал гардуулахаар ИТХ-ын дэргэдэх Өмчийн хэлтсийн дарга Н.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг  энэ сарын 17-ны өглөөний 7 цагт Баруунбаян-Улаан сумыг зорив.

Тус сумын нутаг өнөтэй, тавлаг байлаа. Өшгөгийн нуруу, Зэхлэгийн талаар өвч шаргалтаж, урин цагийн зөөлөн салхи үлээсэн энэ өдөр тус сумын 3 малчинд шагналыг гардуулангаа “малгайн утаа”-г гүвж, оюун бодлоо сэргээлээ.

Баруунбаян-Улаан сумын нутаг Тахь, Нугын гол, Тэмээн хашаат, Хүнхрээгийн Бүрд, Хонгорын нуруу гээд тэмээний орон. Энэ нутаг тэмээ, тэмээчин хоёроороо алдартай. Энэ талбиун сайхан тал дундаа тэмээн сүргээ маллан, өсгөн үржүүлж яваа залуу малчин Н.Бямбадоржийнд очиж “Аймгийн манлай малчин” шагналыг нь хүндэтгэн гардуулав. Н.Бямбадорж удам залгасан тэмээчин. Түүний аав Чойжамцын Нинж “Аймаг, сумын аварга малчин”, нутаг усандаа алдартай, залуу малчдадаа үлгэр жишээ болсон тэмээчин хүн байжээ. Ээж Мөнхөөгийн Даваасүрэн нь “Аймгийн аварга саальчин” хүн бий. Ах, эгч нар нь мөн удам залгасан малчид. Н.Бямбадоржийн ах Н.Бэгзсүрэн “Сумын сайн малчин”, мянгат малчин, эгч Н.Цэцэгмаа нь “Аймгийн сайн малчин” юм.

Зуун тэмээ бэлчээрлэхэд үл харагдах заган төгөл дунд “Дутаа голын заг” хэмээх газар эднийх өвөлжиж байна. Жилийн жилд энд өвөлжиж, энэ л нутагтаа хүн, малгүй ээнэгшин дассан гэнэ. Н.Бямбадорж ажилсаг, хөдөлмөрч, ил цагаан яриа хөөрөөтэй залуу байв. Багаасаа тэмээ хариулж, тэмээгээ шүтэн, наранд ойрхон тэмээн сүрэг шигээ өөдрөг сайхан амьдарч байна.

Тэрбээр 2008 онд “Сумын сайн малчин”, 2010 онд “Аймгийн сайн малчин”, 2013 онд МҮОНР-ийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан ботгоны эзэн”, 2014 онд “Алтан гадас” одон, 2016 онд аймагтаа тэмээн сүргийн тоогоор тэргүүлж, ийнхүү “Аймгийн манлай” малчин боллоо. Мөн “Өвөрхангайн Элч” сониноос сар шинийн босгон дээр олон нийтийн саналаар тодруулсан аймгийн 9 алдартны нэгээр шалгарч, “Гал бич жилийн Хөдөө аж ахуйн салбарын Алдартан” болсон юм. Тэмээчин ааваасаа тэмээ хариулах арга туршлагыг өвлөн авч, 20-иод жил тэмээгээ дагнан маллаж яваа түүний үг бүрээс нь малч амьдралын үнэр ханхалж байна.

Аймгийн аварга малчин, Манлай малчин Н.Бямбадорж:

-Нийт Өвөрхангайчууддаа болон Баруунбаян-Улаанчууддаа урган гарч байгаа гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. “Аймгийн манлай малчин”, мөн “Гал тахиа жилийн 9 алдартан”-ы нэгээр шалгарч, одтой хийморьтой, сайхан байна.

Энэ жил 900 гаруй мал тоолуулсны таван зуу гаруй нь тэмээ юм. Аймагтаа тэмээн сүргийн тоогоороо тэргүүллээ. Цагаан сар өнгөрөөгөөд ингэ ботголж эхэлнэ. Энэ жил 100-аад ингэ ботголох юм. Тэмээ маллахад ашиг шим арвинтай, бэлчээрт хөнөөл багатай, бог мал шиг байнгын маллагаа шаарддаггүй, сайхан мал шүү дээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ