“Дархан-2017” шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-19 23:58:22

Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын мөсөн талбайд “Болд сан”-гийн нэрэмжит “Дархан-2017” шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн эхлэж нээлтээ хийв.

Тэмцээний нээлтэд Монголын Хоккейн холбооны дэд тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн БТС-ын газрын дарга Н.Батлав нар болон баг тамирчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөх юм.

УИХ-ын гишүүн Болдын Жавхлан: “Аав маань Дархан хотыг олон жил удирдсан хүн юм. Тэрбээр Дархан хотод хоккейн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж хотдоо болон бусад сумдад хоккейн талбай байгуулснаар Дархан, Шарын голын хоккейчид улсдаа тэргүүлдэг байсан үе бий. Дархан хот ийм сайхан мөсөн талбайтай юм чинь ахмад болон өсвөрийн хоккейчдын дунд тэмцээн зохион байгуулж өвлийн спортыг хөгжүүлэхэд манай сан хувь нэмрээ оруулахаар энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж байна.  Тэмцээнд Спортын мастер цолтой 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгож байна” гэв. Тус тэмцээн гурав хоног үргэлжилж аваргаа шалгаруулах аж.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ