Хятад улс Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-19 09:40:58

БЭЭЖИН. /Kyodo/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ баталсан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын дагуу Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоож байгаагаа БНХАУ мэдэгдлээ.

Хятад улсын Худалдаа, гаалийн яамны албаны хүмүүсийн хэлснээр, тус улс 2017 оны хоёрдугаар сарын 19-ний ням гарагаас эхлэн оны эцэс хүртэл Умард Солонгосоос нүүрс импортлохгүй аж.

Өнгөрсөн онд Хятад улс  Умард Солонгосоос 1.18 тэрбум долларын нүүрс импортолжээ.

Тав дахь удаагийн цөмийн туршилтаа есдүгээр сард хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын АЗ 11 дүгээр сард баталсан юм.

Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс юм. Мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг мөн хориглосон билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон баасан гарагт БНХАУ-ын дарга Ван И-д хэлэхдээ “Умард Солонгосын өдөөн хатгалга, тогтворгүй “зан ааш”-ийг дарахын тулд Бээжин илүү ихийг хийх хэрэгтэй” гэжээ.

Хятад улс Умард Солонгосын эсрэг авсан хоригийг тууштай дагаж мөрдөж байгаа гэдгээ харуулах хүчин чамрайлтын хүрээнд Пхеньянаас нүүрс импортлохоо хязгаарлаж байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ