“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-16 23:25:14

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа аймгийн Залуучууд театрт нээгдэв.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг иргэд Монголын уламжлалт хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын өргөн хэрэглээний барааг нэг цэгээс өргөн сонголт, хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Үзэсгэлэн худалдааны онцлог нь архи, согтууруулах ундаа худалдаалахгүй, оролцож байгаа бүтээгдэхүүний чанар, ур хийц, тоо хэмжээ, нэр төрөл, сав баглаа боодол зэргийг харгалзан үзэж шалгаруулах юм байна.

Аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Энхбаяр: “Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаа бид “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор явуулж байна. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулах боломжийг нь бүрдүүлсэн бол худалдан авагчдын хувьд сонголт өргөн байхыг чухалчилсан. Үзэсгэлэн худалдааны нээлтийн дараах байдлаар нийт 130 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаагийн дотор Орхон, Сэлэнгэ, Архангай, Булган зэрэг аймгуудын бизнес эрхлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээрээ оролцож байна” гэв.

Үзэсгэлэн худалдаа 19-ний ням гарагийг дуустал үргэлжилнэ.  

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ