3000 гаруй адуу өвлийг өнөтэй даваад нутаг буцаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт энэ жил цас багатай, хүйтний эрч сул байсан тул малчид өвлийг өнөтэй давлаа.
“Манай сумын нутгийн баруун болон баруун хойд хэсгээр Төв, Дундговь, Говьсүмбэр аймгийн малчдын нийт 3000 гаруй адуун сүрэг өнөтэй өвөлжиж эхнээсээ нутаг буцаж байна. Ноднин манай суманд гадны аймгийн 3000 гаруй адуу отроор өвөлжиж бэлчээр талхалж байсан.
Мянга мянгаар тоологдох адуун сүрэг нэг дор олноор нутагших нь бэлчээр их талхалдаг ч цас багатай тул өвлийг ажралгүй давлаа” гэж сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал ярив. Сайхандулаан суманд энэ жил 145 мянган толгой мал өнөтэй өвөлжив.
Х.Эрдэнэбулган