Эрэгтэйчүүдэд зориулсан шинэ ерөндгийг сармагчин дээр амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-10 16:04:38

ЛОНДОН. /BBC/. Тусгай гелийн тусламжтайгаар үрийн шингэний урсгалыг хаадаг туршилтын ерөндгийг /эрэгтэйчүүдэд зориулсан/ сармагчин дээр туршсан нь үр дүнтэй болжээ.

“Васалгель”-ийг үрийн шингэн бэлэг эрхтэн рүү очих үрийн шингэний суваг руу шахсанаар уг гель механик саад болж ажилладаг байна. Үр тогтохоос сэргийлэхийн тулд нэг удаа тарихад л хангалттай аж.

Үр тогтохоос хамгаалах бэлдмэлийг зохион бүтээгч-үйлдвэрлэгч компани бэлдмэлийг хоёр жилийн хугацаанд туршиж, сорилт хийсэн дүнгээ хүний нөхөн үржихүйн асуудлыг дагнан бичдэг Bacic and Clinical Andrology онлайн сэтгүүлд нийтэлжээ. Сармагчин дээр хийсэн туршилтаас харахад, уг бэлдмэл ямар ч хор аюулгүй, үр дүн сайтай гэдэг нь нотлогдсон байна.

Эрдэмтэд “Васагель” бол найдвартай" гэдгийг батлах хангалттай нотолгоо цуглуулж чадна гэж найдаж байгаа ба ойрын жилүүдэд хүн дээр клиникийн туршилт явуулж, улмаар эрх бүхий байгууллагаас шинэ бэлдмэлдээ лиценз авах ажээ.

Гэхдээ хоёр том “хэрвээ” гэдэг асуудал байгаа юм: 1. хэрвээ санхүүжилт олдох юм бол 2. хэрвээ хүн дээр хийх туршилт амжилттай болбол. 

Эрэгтэйчүүдийн сонголт олон биш 

Эм бэлдмэлийн зах зээл дээр олон арван жилийн туршид эрэгтэй хүний ерөндөг зарчмын хувьд шинээр гараагүй юм.

Өнөөгийн байдлаар эрэгтэйчүүдийн хувьд үр тогтоохоос сэргийлэх хоёр үндсэн арга байна:

Бэлгэвч хэрэглэх

Үрийн сувгаа боолгуулах эсвэл үрийн шингэн урсдаг сувгийг тайран мэс засал хийлгэх /вазэктоми/.

"Васалгель" нь вазэктоми-той ижилхэн зарчмаар үйлчилдэг, гэхдээ хэрвээ тухайн эр хүн хожим нь хүүхэд төрүүлэх чадвараа эргүүлэн сэргээхийг хүссэн тохиолдолд ийм арга нь мэс засал хийлгэснээс хүндрэл багатай юм.

Онолын хувьд дахиад өөр нэг тариа хийхэд үрийн шингэний суваг дахь гелэн бөглөө нь шимэгдэн алга болдог. 

Эхний туршилтуудыг чандаган дээр хийсэн нь тун амжилттай болсон, гэхдээ эрдэмтэд "Васалгель"-ийн үйлчлэлийг сармагчин цаашлаад хүн дээр туршиж баталгаажуулах хэрэгтэй байгаа аж.  

Үрийн шингэнийг эмийн аргаар хаах санаа нь шинэ зүйл биш юм.

Эрэгтэйчүүдэд зориулагдсан үр тогтолтоос сэргийлэх өөр нэг туршилтын гель болох RISUG-ийг одоо туршиж байгаа ажээ. Түүний үйлчлэл нь эр бэлгийн эсийн идэвхийг сааруулах дээр үндэслэгдсэн. Энэхүү процессыг мөн л буцааж болдог, гэхдээ RISUG-аас ялгаатай нь "Васалгель" үрийн шингэний чанарыг нь муутгадаггүй бөгөөд зөвхөн үрийн шингэний замыг нь хаадаг байна.

Дээрх хоёр бэлдмэлийг хоёуланг нь хүний бие махбодид хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар тариа хэлбэрээр хийдэг ба удаан хугацаанд үр тогтолтоос хамгаалах хамгаалалт болж өгдөг.

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд гелийг нас бие гүйцсэн 16 сармагчин дээр туршсан ба тэдний 10 нь өмнө нь зулзагатай байжээ.

Тариа хийснээс хойш уг амьтдад долоо хоногийн турш ажиглалт хийж байгаад дараа нь зулзага төрүүлэх чадвар бүхий эмэгчингүүд байгаа байранд оруулжээ. Ингээд дээрх амьтдын ороо нь орох хоёр үеийн туршид хээлтүүлэг явагдсан ч нэг ч эмэгчин сармагчин хээлтээгүй байна.

Эрэгчин сармагчингуудад дагавар гаж нөлөө бараг ажиглагдаагүй, харин нэг сармагчинд мэс засал хийхээс аргагүй болжээ. Учир нь тариаг буруу хийснээс болоод түүний үрийн шингэний суваг нь гэмтсэн байжээ.

Гель хэрэглэсэн эрэгчин сармагчингуудын нэг нь ч "эцэг" болж чадаагүй байна.

"Васалгель"-ийн туршилт судалгаа Parsemus Foundation ашгийн бус байгууллагын санхүүжилтээр хийгдэж байгаа аж. Гэхдээ уг санааг ажил хэрэг болгохын тулд томоохон компани байгуулах хэрэгтэй.

Энэ төрлийн ерөндгийн дутагдалтай тал нь гэвэл, ХДХВ зэрэг бэлгийн замаар дамждаг халдвараас хамгаалах хамгаалалт болж чаддаггүй явдал юм. Халдвараас хамгаалахын тулд урьдынх шигээ бэлгэвч хэрэглэх хэрэгтэй болдог.

Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн хувьд шинэ гелийг үр тогтолтын эсрэг хэрэгсэл /ерөндөг/ болгон хэрэглэж үзэхээс дургүйцэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.

О.Барс

Холбоотой мэдээ