Сан-Ремогийн наадам эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-02-08 13:41:41

РОМ./TASS/.Италийн эстрадын дууны наадам мягмар гарагт 67 дахь удаагаа Лигурын эрэгт орших Сан-Ремо хотод эхэллээ.

Уг наадмыг Италийн телевизийн 1 дүгээр суваг, RAI радио компани  жил бүр шууд дамжуулдаг. 

Таван өдрийн турш үргэлжлэх наадмын эхний өдөр “Аристон” түүхэн театрын тайзнаа уралдааны үндсэн 22 оролцогчийн 11 нь гарсан бөгөөд тэдний дунд Италийн нэрт дуучин Аль Бано байлаа. Түүний хувьд Сан-Ремогийн наадамд 18 дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм. Алдартай зочдоос Италийн поп дуучин Тициано Ферро, Пуэрто Рикогийн иргэн Рики Мартен ая дуугаа өргөсөн бол хошин шогийн жүжигчин Кроцца Италийн улс төрийн чухал сэдвээр хошигнон үзэгчдийг хөгжөөжээ.

Ойрын өдрүүдэд Сан-Ремо хотод Британийн дуучин Робби Уильямс, Америкийн жүжигчин Киану Ривз нар хүрэлцэн ирэх гэж байна. Уламжлал ёсоор алдартнууд тайзан дээр гэнэт санаандгүй байдлаар гарч ирэх аж. Уг наадам бямба гарагт ялагчийг тодруулснаар өндөрлөх юм. 

Сан-Ремогийн эстрадын дууны наадам 1951 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ уралдааны бүхий л түүхийн хугацаанд Италийн эстрадын одууд бараг бүгдээрээ дуулжээ. Хөгжмийн зар сурталчилгааны ачаар Сан-Ремод оролцох нь нэр хүндтэйд тооцогдох болсон ба “Аристон” театрын тайзан дээр анх дуулсан дуунууд нь уралдааны дүнгээс үл хамааран хит дуу болдог байна. Учир иймээс хэчнээн нэрд гарсан байлаа ч гэсэн алдартай дуучид уг наадамд оролцохоос хэзээ ч цааргалдаггүй юм. Тусгай уралдаанд найман шинэ дуучид оролцож байгаа ньь тэдний хувьд шоу бизнесийн ертөнцөд хөл тавих гараа болох ажээ.

О. Барс

 

 

Холбоотой мэдээ