Катарчууд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад 200 тэрбумыг зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-02-08 11:47:43

МОСКВА./TASS/. 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсан Катар улсын эрх баригчид тус тэмцээний тоглолтууд болох үндсэн байгууламжуудыг барих ажилд долоо хоног тутамд 500 сая орчим доллар зарцуулж байна гэж тус улсын Сангийн сайд Али Шариф аль Эмади хэлснийг Их Британийн “The Guardian” сонин уламжиллаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “ийм байдлаар барилгын ажлыг 3-4 жилийн турш үргэлжлүүлнэ, ингээд 2022 он гэхэд бид зорилгодоо хүрч, манай улс тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болно” гэжээ.

Сайдын хэлснээр, ДАШТ-д бэлтгэх ажилд нийтдээ 200 тэрбум доллар зарцуулах төлөвтэй байна. Энэ мөнгөний зарим хэсгийг дэд бүтцийг сайжруулах, тухайлбал, зам тээврийн сүлжээг хөгжүүлэх, эмнэлгүүд барих зэрэгт зарцуулах ажээ.

Катар улс 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсан юм. Тус тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус улсын Доха, Лусаила, Аль-Вакра, Аль-Хора, Аль-Райана, Умм-Салала, Мадинат-аш-Шамала гэсэн 7 хотод болно.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ