Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн мэдлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-07 22:03:07

Завханд  хөгжлийн бэрхшээлтэй 16-49 насны эмэгтэйчүүдийг нөхөн  үржихүйн эрүүл мэндийн сургалтанд хамруулжээ.

Энэ сургалтанд Улиастай сумын хөгжлийн бэрхшээлтэй 200 орчим эмэгтэй хамрагдаж нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдвараас сэргийлэх мэдлэг олгох, гэр бүл төлөвлөлтийн аргуудаас хэрэглэж сургах дадлыг эзэмшжээ.  Мөн үеэр сургалтанд хамрагдагсдыг эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулж хүн бүрт зөвлөгөө өгчээ. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд сургалтанд оролцсоноор НҮЭМ-ийн анхны мэдээлэлтэй болж жирэмслэлтээс хамгаалах, зөвлөгөө авахдаа хаана хандах, жирэмсний хяналтандаа хэрхэн хамрагдах, жирэмсний хүндрэл болон аюултай шинжүүдийн талаарх ойлголттой болсон байна.

Ямарваа нэгэн сургалт бүр үр дүнтэй байх ёстой. Тиймдээ ч энэ удаагийн сургалтанд оролцогчид өөрсдийн амьдралд тохиолддог хүндрэлтэй бэрхшээлтэй олон зүйлийг эмч нарт хэлж зөвлөгөө авлаа. Мөн сургалтыг зохион явуулахад ч хүндрэлүүд гарч байв.  Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нэр, хаягаа бичиж чадахгүй байдаг, бичиг үсгийн чадвар сул, байдлаасаа болоод сургалтанд оролцох оролцоо бага, цуглуулахад хүндрэлтэй байх, өөрийгөө илэрхийлэх хэл яриа, сонсголын чадавхи сул, ойлголцоход бэрхшээлтэй байх, ар гэрийн ажил амьдралаа зохицуулж амжаагүй, аав ээж харгалзагчаа дагуулж явах, хүний гар харах, итгэл үнэмшлээ алдах зэрэг хүндрэлтай асуудлууд байсан ч гэсэн тус сургалтаас  олон эерэг үр дүнг олж харлаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс  сэтгүүлчдэд  мэдээллээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ