Эмэгтэйчүүдийн ТББ-ууд хамтран сургалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-07 21:54:51

Завханы эмэгтэйчүүдийн байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж байна.

Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн ТББ-уудын “Өрнөх хөгжил” сүлжээ 2006 оноос эхлэн аймгийнхаа эмэгтэйчүүдийн байгууллагуудыг нэгтгэн ажиллаж байгаа. Тус сүлжээ нь Монголын эмэгтэйчүүдийн сантай хамтран “Орон нутгийн ЭТББ-уудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь”  жижиг төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд орон нутгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагууд, ТББ-ын 70 гаруй удирдлага, төлөөлөл оролцов.  Энэхүү уулзалт нь орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ИНБ-уудын харилцан бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлж, хөгжлийн үнэлгээ хийж, цаашид хэрхэн ажиллах стратегээ тодорхойлон идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэх, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг болж ажиллах, орон нутгийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, эмзэг бүлгийн буюу эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн  байдал, ялгаварлан гадуурхалт  зэрэг асуудлаар ярилцсан нь эмэгтэйчүүдийн өмнө шийдвэл зохих тулгамдсан асуудлууд байв. Цаашид дээрх тулгамдсан асуудлуудаар иргэдэд энэ жил цувралаар эмэгтэйчүүдийн ТББ-ууд хамтран сургалт сурталчилгааны ажлыг хийхээр болжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ