IAAF: Лондоны ДАШТ-д Оросын шигшээ оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-07 11:28:27

ЛОНДОН./BBC/. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /IAAF/ хяналт шалгалтын хараат бус комисс Бүх Оросын хөнгөн атлетикийн холбооны /ВФЛА/гишүүнчлэлийг Лондонд 8 дугаар сард болох ДАШТ хүртэл сэргээхгүй гэжээ.

Энэ нь Оросын шигшээ баг ДАШТ-д оролцож чадахгүй гэсэн үг юм.

IAAF-ийн хяналт шалгалтын хараат бус комиссийн тэргүүн Руне Андерсены хэлснээр, Оросын сэргээштэй тэмцэх агентлагийн /РУСАДА/ үйл ажиллагаа Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлагийн /ВАДА/ дүрэмд бүрэн нийцэх хүртэл ВФЛА-гийн гишүүнчлэлийг сэргээх боломжгүй, энэ асуудал 11 дүгээр сараас нааш шийдэгдэхгүй гэжээ.

Руне Андерсоны хэлснээр, Оросын зарим тамирчид нейтраль тугийн дор тэмцээнд оролцох боломжтой ажээ.

2015 оны 11 дүгээр сард ВАДА илтгэлдээ "Орос улс сэргээштэй тэмцэх хэм хэмжээг олон удаа зөрчиж байсан" гэж буруутгаснаар IAAF-ийн зүгээс ВФЛА-гийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.

Өнгөрсөн оны 6 дугаар сард ВФЛА-гийн эсрэг хоригоо IAAF цуцлаагүй учраас Оросын хөнгөн атлетикчид Рио-де-Жанейрогийн олимпод оролцоогүй юм.

О. Барс

 

Холбоотой мэдээ