Ле Пен: Ерөнхийлөгчөөр сонгогдвол Францыг Европын Холбооноос гаргана

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-02-03 13:16:11

ПАРИС. /TASS/. Францын “Үндэсний фронт” намын дарга  Марин Ле Пен хэлэхдээ "ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд хагас жилийн дотор Францыг Европын Холбооноос гаргана" гэж Le Monde сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Сонгогдсоноосоо хойш зургаан сарын дараа миний бие Европын Холбооноос гарах эсэх тухай асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах болно. Гэхдээ үүнийг явуулахын өмнө Франц улсад мөнгө, төсөв, хууль тогтоох болон нутаг дэвсгэрийн тал дээр бүрэн бие даасан байдлыг эргүүлэн олгох асуудлаар Европын Комисстой хэлэлцээ хийнэ" гэж Ле Пен хэлсэн байна.

Европын Холбооноос гарахад ноцтой саад тотгор учрахгүй гэдэгт тэрбээр итгэлтэй байгаа аж. “Brexit"-ийн асуудлаар богино хугацаанд харилцан тохиролцоонд хүрэх боломжтой ба энэ тал дээр би ганцаараа биш гэдэгт итгэлтэй байна. Өдгөө Европын Холбоонд томоохон өөрчлөлт гарч байгаа энэ боломжийг ашиглан олон улс орнууд өөрсдийнхөө аюулгүй байдал, эдийн засагт хор хохирол учруулж буй зарим дүрэм, хэм хэмжээг хүчингүй болгохыг хүсч байгаа” гэж тэрбээр дурдлаа.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 4 дүгээр сарын 23-нд болно. Санал асуулгын дүнгээр одоогоор Марин Ле Пен тэргүүлж байгаа аж.

Харин сонгуулийн хоёрдугаар шатанд “Үндэсний фронт” намын дарга ялагдах магадлалтай байгаа аж. Учир нь, шийдвэрлэх шатанд эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон болон баруун төвч үзэлт "Бүгд найрамдахчууд" намаас нэр дэвшсэн Франсуа Фийон нарыг сонгогчид илүүд үзэх төлөвтэй байна. Гэхдээ Ф.Фийонтой холбоотой дуулиан шуугиан нь түүний ялах боломжийг эргэлзээтэй болгож байгаа юм. 

О. Барс

 

Холбоотой мэдээ