Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтад өөрчлөлт орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРЭнэ онд Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 50 сая төгрөгөөр батлагдсан. Өмнөх оныхоос хэд дахин бага хуваарилагдсан хэдий ч орон нутагт тулгамдсан асуудлыг онож шийдвэрлэхээр ажиллаж байгааг албаныхан хэллээ.
Гэвч 2014-2016 оны шилжих хөрөнгө оруулалт буюу гүйцэтгэл дутуу хэд хэдэн ажлыг санхүүжүүлэхэд багагүй хөрөнгө зарцуулах шаардлага тулгамдаж байгаа аж. Тухайлбал, “Цэвэр хот” ОНӨХХК-ний Авто гаражыг барихад 10 сая гаруй төгрөг зарцуулахаар өмнөх хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн тус барилгын 2016 оны санхүүжилтийн үлдэгдэл 7.1 сая төгрөг байгааг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.
Түүнээс гадна Эрүүл мэндийн газраас хойш 3, 6 дугаар багийн дундуур явдаг засмал замын дагуу явган хүний зам тавих, үйл ажиллагаа явуулахгүй байгаа 2, 3, 5 дугаар багийн гурван усан санг орон нутгийн өмчид авч сэргээн засварлах, нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын засвар шинэчлэлийг тус сангийн хөрөнгөөр хийх саналыг сумын ИТХурлаар хэлэлцүүлсэн. Ийнхүү 2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний тодотголд 12.1 сая төгрөгийг тодотголоор оруулж ирсэн дүнгээр баталсан байна.
Б.Мөнхзул
Холбоотой мэдээ

