Саран дээр хүчилтөрөгч байгааг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-01 13:08:06

ТОКИО./TASS/ Дэлхийн агаар мандлын хүчилтөрөгчийн бөөмсүүд саран дээр байдаг төдийгүй тэдгээр бөөмсүүд нь 2,4 тэрбум жилийн өмнө дэлхийгээс сар руу дамжин иржээ. Энэ тухай Осакагийн их сургуулийн эрдэмтэд мэдээлэв.

Японы эрдэмтэд 10 жилийн өмнө сар руу илгээсэн судалгааны “Кагуя” аппаратаас авсан мэдээллийг боловсруулсны үндсэн дээр ийм дүгнэлт хийжээ. Дүгнэлтэд дурдсанаар, нар, дэлхий, сар гурав нэг шугаман дээр зэрэгцэн ирэх үед хүчилтөрөгчийн ионууд дэлхийн агаар мандлаас салж, саран дээр очсон байх магадлалтай гэдгийг тогтоосон байна. 384 мянган километр зайг туулахад хүчилтөрөгчийн ионуудад нарны шуурга дэм болдог байна. Бусад үед нь сарыг тойрсон ионуудын үзүүлэлтүүд нь өөр өөр байдаг ажээ.

Японы эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ үйл явц анх 2,5 тэрбум орчим жилийн өмнө эхэлжээ. Чухам тэр үед хүчилтөрөгчийн сүйрэл хэмээх үзэгдэл болж, энэ нь дэлхийн агаар мандлын бүтэц эрс өөрчлөгдөж,  түүн дотор чөлөөт хүчилтөрөгч бий болоход хүргэжээ.

Дэлхийн хүчилтөрөгчийн ихэнх хэсэг нь фотосинтез урвалын үр дүнд бий болдог ба манай гараг дээр болж буй процессууд нь саранд шууд нөлөө үзүүлдэг болохыг бидний судалгаа нотолж байна” хэмээн Осакагийн их сургуулийн профессор Кэнтаро Тэрада ярилаа.

Японы сансрын хөтөлбөрт сарыг судлах ажил томоохон байр суурийг эзэлдэг. Тухайлбал, 2007 онд хөөргөсөн “Кагуя” аппаратын тусламжтайгаар сарны гадаргуугийн зургийг олон удаа авч чадсан ба эдгээр зургуудыг "Google" корпорацын мэргэжилтнүүд гурван хэмжээст загварыг зохиохдоо ашиглажээ. Ойрын ирээдүйд Японы мэргэжилтнүүд саран дээр буулгах зорилгоор анхны автомат аппаратыг хөөргөхөөр төлөвлөж байна.

                                                                                                      О. Барс

 

 

Холбоотой мэдээ