Лалын орнуудын иргэдийг АНУ руу хөөрөх нисэх онгоцонд суулгасангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-01 10:52:41

ВАШИНГТОН./TASS/. Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ зарлиг гарснаас хойших эхний гурав хоногийн хугацаанд АНУ руу явах гэж байсан лалын шашинт долоон улсын 721 иргэнийг нисэх онгоцонд суулгахаас АНУ-ын холбогдох албаныхан татгалзжээ. Энэ тухай АНУ–ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Кевин Макэлинэн мэдээлэв

Түүний мэдээлснээр, амралтын өдрүүдэд АНУ-д агаарын тээврээр нийт 1 сая зорчигч ирсний 500 мянга нь гадаадын иргэд байжээ. Макэлинэний ярьснаар бол “нисэх онгоцны буудалд Америкт нэвтрэх янз бүрийн ангиллын виз авсан дээрх орнуудын 721 иргэнийг нисэх онгоцонд суулгаагүй байна”. Мөн дээрх хугацаанд АНУ-д оршин суух эрх бүхий 1060 гадаадын иргэнд Америкийн хилээр нэвтрэн орохыг зөвшөөрөл олгосон болохыг Макэлинэн тодотгов.

Үүнээс гадна, АНУ-д нэвтрэх цагаачлалын болон цагаачлалын бус  визтэй Ирак, Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан улсын 75 иргэнийг "онцгой тохиолдлын байдлаар" хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн гэж тэрбээр дурдлаа.

Үндэсний аюулгүй байдлын яамны бүтцэд ордог Цагаачлал, гаалийн хяналт шалгалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн ярьснаар, АНУ-д оршин суух эрхтэй эсвэл “Цагаачлалын тусгай виз” авсан дээр дурьдсан долоон орны иргэдэд хилийн чанадаас АНУ руу нисч буй онгоцонд суухыг зөвшөөрчээ. Тэдний хувьд хилийн шалган нэвтрүүлэх цэгт ирсэн хойноо Америкийн хилээр нэвтрэх тухай хүсэлтээ өгөх юм. Гэхдээ харин бусад улс орнуудаас АНУ руу явах нисэх онгоцонд суухыг дээр дурдсан долоон орны энгийн цагаачлалын болон цагаачлалын бус визтэй иргэдэд зөвшөөрөхгүй ажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт дээр дурдсан долоон орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Үүнийи сацуу Сирийн дүрвэгсдийг АНУ–д суурьшуулах ажлыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ. Уг баримт бичигт дүрвэгсдийг АНУ–д суурьшуулан байрлуулах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаанд бүхэлд нь түр зогсоох захирамж багтсан ажээ.

АНУ–ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жон Келли-гийн хэлснээр, уг зарлигийг боловсруулан бэлтгэхэд засгийн газрын хуульчид, холбогдох бүх яамдын өндөр албан тушаалтнууд” оролцсон байна. “Зарлиг гарна гэдгийг бид мэдэж байсан, тийм болохоор энэ нь гэнэтийн зүйл байгаагүй” хэмээн Келли нисэх буудлуудад үүссэн үл ойлголцлолын талаар тайлбарлан хэлжээ.

О. Барс

Холбоотой мэдээ