Про таеквондогийн ААШ тэмцээнд 100 гаруй тамирчин өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-30 12:51:57

Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах Про таеквондогийн 13 дахь удаагийн нээлттэй тэмцээн  өнгөрсөн амралтын өдрүүдэд  амжилттай болж өндөрлөлөө. 

Тус тэмцээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 338-р анги, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан сум болон Сүхбаатар сумын Цагдаагийн хэсэг, Эхлэл клуб, Улаанбаатар хотоос Монголын үндэсний их сургуулийн баг, Эр зориг,  Ахан дүүс клубын тамирчид гээд 11 байгууллагын 100 гаруй тамирчид оролцсон байна.

“Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотоос улс, тив, дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлийн багш дасгалжуулагч, тамирчид ирж оролцсоноороо онцлог байлаа. Энэ нь Сүхбаатар аймагт Тулааны спорт хэрхэн хөгжиж буйг харуулж байгаа хэрэг юм. Тэмцээний үеэр Сүхбаатар аймгийн Эхлэл клубын тамирчин Сүхбаатар овогтой Наранбат агсанд хүндэтгэл үзүүлэх, дурсан санах, түүнийг алдаршуулах зорилгоор өөрийнх нь тулалддаг байсан 57 кг-д тусгай тулаан зохион байгуулж ар гэр, найз нөхдийнх нь зүгээс өргөмжлөл цөм мөнгөн шагнал оролцогчдод гардууллаа. Энэхүү тулааныг жил бүр уламжлал болгон зохионо. Цаашдаа бүр  нэрэмжит тэмцээн болгох талаар ч бид ярьж байна. Ер нь манай тэмцээний хамрах хүрээ жилээс жилд өргөжиж, зохион байгуулалт дээшилж мэргэжлийн түвшинд хүрч байгаа нь үнэхээр сайшаалтай юм...” хэмээн аймгийн Тулааны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Пүрэвжав хэллээ.

Про таеквондогийн ААШ  тэмцээн зургаан жингийн төрлөөр болсон бөгөөд багийн дүнгээр Сүхбаатар аймгийн Эхлэл клуб дахин түрүүлж аваргын алдараа хадгалж үлдсэн байна.

Мөн тэмцээний үеэр аймгийн Тулааны спортын холбооны тэргүүн, Цагдаагийн газрын дарга Н. Лхагвасайханд Олон улсын Таеквондогийн хар бүс 3-р данг гардуулан өгсөн байна.

Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газраас бүтэн жилийн төлөвлөгөөгөө боловсруулж, тэмцээн уралданыхаа хуваарийг баталсан. Энэхүү тулааны спортын ААШ тэмцээн нь энэ онд зохиогдож байгаа анхны тэмцээн юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ