АНУ-д ажлын байр нэмж бий болгохыг Японы компаниудад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-30 12:22:51

ТОКИО. /Nikkei/. Америкт ажлын байр нэмж бий болгохын тулд хамтран ажиллахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы автомашин үйлдвэрлэгч компаниудад уриалжээ.

Д.Трамп өнгөрсөн бямба гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярихдаа АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачилгынхаа талаар дурдаад, энэ санаачилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахыг Японы автомашин үйлдвэрлэгчдээс хүссэн гэж Японы албаны хүмүүс мэдэгдлээ.

Харин Ш.Абэ хариулахдаа “манай улсын автомашин үйлдвэрлэгч компаниуд Америкт 1.5 сая ажлын байрыг хэдийн бий болгоод байна. Японы бизнес эрхлэгчид ажлын байр бий болгохын сацуу хөрөнгө оруулалт хийх замаар Америкийн эдийн засагт хувь нэмрээ оруулж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Хоёр улсын удирдагчид утсаар ярих үеэрээ худалдааны асуудлуудын тухай, тухайлбал “Номхон далай дамнасан түншлэл” чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан талаар дурдаагүй байна.

Тэд ирэх сарын 10-нд Вашингтонд Дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ “Номхон далай дамнасан түншлэл” болон хоёр талын худалдааны хэлэлцээр зэрэг асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

Айлчлалын үеэр Ш.Абэг Сангийн сайд Таро Асо, Гадаад хэргийн сайд Фүмио Кишида нар дагалдан явах аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ